Бүх малчдад ноосны урамшуулал олгохоор боллоо
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол батлагдсанаар анх удаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс урамшуулал олгож эхэлсэн.
Тухайлбал, ноосонд урамшуулал олгох болсноор хонины ноосыг төвлөрүүлэн үйлдвэрт нийлүүлэх механизм гольдролдоо орж, үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч, нэмүү өртөг шингэсэн, экспортын ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдсэн байна. Мөн ноос угаах, самнах, нарийн ноосон ээрмэл утасны, барилгын ноосон дулаалгын материалын, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсон аж.
Гэвч дээрх тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа юм. “Хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч ноосны ченжүүд орон нутагт зохион байгуулалттай хоршоодыг олноор байгуулж малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, ноосны урамшууллын мөнгөнөөс суутгах зэргээр хууль зөрчих болсон.
Ийм байдлаас болж малчдын хоршоонд нэгдэх сонирхол буурч, улмаар 2014 онд 18,1 мянган малчин өрх 2.8 тэрбум төгрөгийн, 2015 онд 7.5 мянган малчин өрх 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалыг авч чадахгүйд хүрсэн юм.
Тиймээс дээрх тогтоолд өөрчлөлт оруулах зорилгоор ХХААЯ-наас тогтоолын үзэл баримтлалыг боловсруулж, Сангийн сайд, Хууль зүйн сайдтай хамтран шинэчлэн баталсан байна. Батлагдсан үзэл баримтлалын дагуу тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч тусган, өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн гишүүдийн 89.8 хувийн саналаар баталжээ. Ингэснээр заавал хоршооны гишүүн малчин гэлтгүй бүх малчид ноосны урамшууллаа авах боломжтой болж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны төсвийн багцад ноосны урамшууллын олгохсанхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэгдсэн байгаа аж. Тиймээс тогтоол батлагдснаар 2016 оны төсөвт ямар нэгэн ачаалал үүсгэхгүй юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ