Бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт боллоо

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичигсолилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.

Энэхүү хэлэлцээрээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой. Монгол улсын хувьд японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх боломжтой болно.

Хэлэлцээрт заасны дагуу монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараасчөлөөлөх юм. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд монголын гаралтай үндэсний бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа болно. Түүнчлэн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг бууруулаад зогсохгүй ашигласан хугацаанаас нь хамааруулан тэглэх хүртэл боломжтой болох юм.

Энэ удаагийн бизнес уулзалтад МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспорлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар үг хэлэв.

Энэ удаагийн бизнес уулзалт нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрхүчин төгөлдөр болж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан хувийн хэвшлийнхэнд мэдээлэл өгөх, бизнесийн төлөөлөгчид харилцан санал бодлоо солилцох ач холбогдолтой арга хэмжээ болов.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ