Гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Гүний уурхайн хөрөнгө оруулалтын шийдвэр нь 2015 оны 12 дугаар сард олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн засгийн газрын харъяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээнд үндэслэн батлагджээ. 2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж байгаа гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь одоо олборлолт явуулж байгаа ил уурхайн зэсийн агуулгаас гурав дахин өндөр байх юм. Гүний уурхайгбүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэснээр Оюу толгой компани жилд баяжмал дахь агуулгаар500 000 тонн зэс үйлдвэрлэнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барих юм. Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3 000 хүн ажиллана.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулж, ярилцлага өглөө.

Тэрээр “Бид нар сая 1300 метрийн гүнд орж, уурхайчидтай уулзлаа. Уурхайн үйл ажиллагаа эхэлж, ажилчид нь эргэж ирсэн байна. Нийт ажиллагсдын 95 хувь нь монголчууд ажиллаж байгаа. Манай залуучууд их урам зоригтой байна” гэлээ. Оюу толгойд ажиллах ажилчдын тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэдэг бол бидний талаар хамгийн эерэг мэдээлэл дэлхий даяар тарж байна гэсэн үг. Энэ нь Монголд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллаж болох юм байна. Монголын бизнес, эдийн засгийн зах зээл нээлттэй юм байна. Монголчууд бизнестээ эргэн ирж байна гэсэн мэдээллийг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ