Дэлхийн аварга А.Вараевийг мянгаад аврагч, сайн дурынхан хайж байна
Өнгөрсөн мягмар гаригт Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Адлан Вараев уулын хүчит урсгалтай Аргун голд эгц хавцлаас усанд ойчсон тухай мэдээлэл ирж түүнийг эрэн хайх ажиллагаанд мянга гаруй аврагч, гал сөнөөгч, цагдаа, сайн дурынхан оролцож голын эрэг дагуу 30 км зайд Аргун хот хүртэл эрэл хайгуул хийсээр байна. Эрэн хайх ажиллагаанд уулын спортын хэрэгсэл, хүн очих боломжгүй газарт нисгэгчгүй нислэгийн төхөөрөмж ашиглаж байгаа аж. Нэрт бөхийн голд ойчсон байж болзошгүй газар хиймэл дүрсээр туршилт хийжээ.
Эрэн хайх ажиллагааг ОХУ-ын Онцгой байдлын яамны Чечень улс дахь Төв газрын дарга Руслан Яхьяев удирдан зохион байгуулж байна. Чечень улсын ерөнхийлөгч Р.Кадыров өчигдөр байдалтай газар дээр нь танилцаж нэмэлт арга хэмжээ авахаа амласан байна.
А.Вараевийг эрэн хайх ажиллагаанд ДБНХ-ноос анхаарал хандуулж Америкийн бөхийн холбооны гүйцэтгэх захирал Рич Бендер утасдаж эрэн хайх ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
54 настай зөвлөлтийн алдарт бөх, оросын бөхийн нэрт зүтгэлтэн А.Вараев 1988 оны Сөүлийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-нээс 1986 онд мөнгө, 1987 онд алтан медаль хүртэж европийн аварга шалгаруулах тэмцээнээс 1986-1988 онуудад 3 алт авч ЗХУ-ын аварга цолыг 1986-1987 онуудад хоёр удаа хүртэж байв. ЗХУ-ын Гавьяат тамирчин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч ажээ.
Д.Өлгийсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ