Гавьяат тамирчин Г.Болдбаатар "Их дуулга"-д тэргүүлэв

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болсон юм. Үүнд манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар Ливан, ОХУ, Их Британи, Узбекстан бөхчүүдийг ялжээ.Финалд тэрээр өсвөр, залуучуудын дэлхийн аварга Японы Рюүжү Нагаямаг торгуулиар хожиж, чансааны 500 оноог авснаар ийнхүү тэргүүллээ. Энэ жинд барилдсан Д.Амартүвшин шагналт V байр эзлэв.

Мөн эмэгтэй 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медаль хүртлээ. Манай баг тамирчид эхний өдөр Япон, Испанийн багийн дараа гуравдугаар байр эзлээд байна.

Харин өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас эрэгтэй 73 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл, дэлхийн аваргын багийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 70 кг-ын жинд Ц.Наранжаргал нар барилдана.

Тус тэмцээнд 76 орны 448 жүдоч өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ