“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ эхэллээ
Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд болно. Уг арга хэмжээний хүрээнд шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой юм. Уг арга хэмжээний нээлт тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагаас болно. Тус өдөрлөгийн үеэр гааль, татварын албанаас зөвлөгөө өгөх, нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнан урамшуулах, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлан алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэн хамтлаг, дуучид мэндчилгээ дэвшүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлүүдийн үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, софт теннис, шатар даам, бүх нийтийн гүйлт зэрэг тэмцээн уралдаан болох юм. Тавдугаар сарын 9-13 өдрүүдэд болох үйл явдал Даваа гариг буюу 05.09-ны “Сургалтын өдөр”-өөр:1.Татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнд аймаг, нийслэл, дүүргүүдийн гааль, татварын албадын байранд болон татвар төлөгчдийн ажлын байранд нь сургалт явуулах2.Их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Татварын онол арга зүй, мөн чанар” сэдвээр1 цагийн хичээлийг заана.3.Гааль татварын албаны вэб сайт, you tube-ээр цуврал хичээл байршуулан олон нийтэд түгээнэ. Мягмар гариг буюу 05.10-ны “Тэмцээн уралдааны өдөр”. Энэ үеэр их дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, шилдэг татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдааныг зохион байгуулна. Тухайлбал: Их дээд сургуулийн оюутнуудын дунд ГТЕГ, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн уралдаант тэмцээн, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдийн дунд Боулингийн нөхөрсөг тэмцээн зэргийг зохион байгуулна. Лхагва гариг буюу 05.11-ны “Татвар төлөгчөө сонсъё өдөр”-өөр Гааль, татварын албадын бүх нэгжийн дарга нартай иргэд цаг авалгүйгээр санал бодлоо солилцох, хороодын иргэдийн танхимд иргэдийн дэвшүүлсэн санал хүсэлт, асуултыг нэг бүрчлэн тэмдэглэн авч тухай бүр шийдвэрлэнэ. Нийслэл, аймаг, дүүргүүдийн Засаг дарга нар болон Төрийн сангийн газар хэлтсүүдээр төсвийн зарцуулалтын талаар татвар төлөгчдөд тайлагнах уулзалт болно. Пүрэв гариг буюу 05.12-ны “Зөвлөгөө өгөх өдөр”-өөр хүн амын төвлөрөл ихтэй худалдаа, үйлчилгээний төвүүдэд гол нэр төрлийн гааль, татварын хувь хэмжээ, тайлагнах хугацаа, цахим тайлан ирүүлэх, e-barimt бүртгүүлэх зэрэг гааль татварын хууль тогтоомжийг иргэдэд энгийн ойлгомтой хүргэн зөвлөгөө өгнө. Баасан гариг буюу 05.13-ны “Талархлын өдөр”-өөрШилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагадаа хүндэтгэл үзүүлэн албадын дарга нар Гааль, татварын албаны дээд шагналыг гардуулна. Бусад үйл ажиллагааг гаалийн газар хороо, аймаг, нийсэл, дүүргийн хэлтсүүд өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулна.Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ