УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль бусаар МТХ-ны Ерөнхийлөгч болсон гэв

Монголын Тэшүүрийн Холбооноос өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хууль бусаар ээлжит бус их хурал хуралдуулсан зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос бүх гишүүдийн ээлжит бус их хурлыг хуралдуулах зорилгоор 2010-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын шалгалт оруулан, дүгнэлт гаргуулж байгаа аж. Энэхүү дүгнэлт гарсны дараа Үндсэн дүрэмдээ хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах ёстой бөгөөд үүний дараа бүх гишүүдийн ээлжит бус их хурлын товыг албан ёсоор зарлах тухай мэдэгдлийг холбооны бүх гишүүддээ хүргүүлээд байжээ. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Аудитын дүгнэлт гарахаас өмнө ээлжит бус хурлыг зарлан өнгөрсөн сарын 28-нд хуралдуулж, улмаар МТХ-ны Логог хууль бусаар ашиглаж, МТХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэнэ. Уг хурлаар МТХ-ныхоо зарим дасгалжуулагч, тамирчид зэрэг хүмүүсийн тухай сөрөг мэдээлэл бүхий найман нүүр материал тараажээ. Энэхүү материалд бичигдсэн зүйлс бүгд гүтгэлэгийн чанартай мэдээллүүд байсан гэдгийг мөн энд хэллээ. Ийнхүү хууль бус хурлынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл сурталчилсан нь тус холбооны гишүүдийг хагалан бутаргасан үйл ажиллагаа болж байна хэмээн МТХ-ны УЗДарга Д.Болормаа, ЕНБД М.Нармандах болон зарим дасгалжуулагч, гишүүд мэдэгдлээ. Түүнийг ингэж яаравчлан хуралдсаны цаана ямар нэгэн шалтгаан байгааг үгүйсгэхгүй гэдгээ ч мөн илэрхийлсэн юм.

Тэдний хэлж буйгаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нь МТХ-ны Ерөнхийлөгч байх хугацаанд буюу 2010-2014 онд ажиллаж байхдаа нэг ч амлалтаа биелүүлээгүй гэв. Тухайлбал, “Монголын Тэшүүрийн Холбоо” ТББ-ыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрхгүй, татварын хэлтэст бүртгэлгүй, регистрийн дугаар бүртгэлгүй тамга ашиглан үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн Аудитын дүгнэлт ч гаргуулаагүй байна.

Мөн тэрээр МУ-ын 2013 оны Төсвийн тухай хуульд Өвлийн цогцолбор ордон барих зориулалтаар суугдсан 9,6 тэрбум төгрөгийг ашиглаж чадалгүй хураалгасан зэрэг олон үйлдлээр МТХ-ны эрх, үүргийг хохироож байна гэдгийг дурдахын зэрэгцээ гадаад харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр маш их алдаа гаргасан хэмээн хуралд оролцогсод хэлж байлаа.

Тэд одоогоор Аудитын дүгнэлт гарахыг хүлээж байгаа юм байна. Дүгнэлт гарахаар дүрмээ шинэчлэн батлаад, албан ёсоор ээлжит бус их хурлаа зарлахаар төлөвлөөд байна. Харин энэхүү хурлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөтөлбөрөө боловсруулаад Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх нь нээлттэй гэдгийг тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, дасгалжуулагч нар онцолсон юм.

Дашрамд дуулгахад, манай улсын тэшүүрчдийн хувьд сүүлийн гурван олимпод оролцоогүй байгаа аж. Гэхдээ тамирчид 2018 оны олимпийн эрх олгох тэмцээнүүдэдоролцох бэлтгэлдээ хэдийнэ орсон гэдгийг энэ үеэр дуулгалаа. Олимпийн эрхийн төлөөх эмцээн ирэх өвлөөс эхлэх юм байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ