"Хүний хөгжил" сан улс төрийн амлалтын нөхөөс болдог
Олон улсын баялгийн сангийн зөвлөлөөс манай улсад зөвлөмж хүргүүлжээ. Монгол Улс Төсвийн тогтворжуулалтын болон Хүний хөгжлийн гэсэн хоёр сантай. Эдгээр нь уул уурхайгаас орж ирэх орлогоос бүрддэг.
Гэтэл сангуудын ажил олон улсын жишигт нийцдэггүй юм байна. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төсвийн орлого нь тэнцвэржүүлсэн орлогоос давсан нөхцөлд хуримтлал бий болохоор заасан. Мөн төсвийн нийт тэнцэл алдагдалтай байхад тогтворжуулалтын санд хуримтлал үүсч байгаа нь араасаа хохирол дагуулах эрсдэлтэй гэжээ.
Үүнээс гадна Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө Төвбанк дахь төрийн сангийн дансанд ямар ч өгөөжгүй байрладаг. Хүний хөгжил сан зөвхөн ирээдүйн баялгийг улс төрийн амлалтад ашиглах механизм болсон нь эдийн засгийн ашиггүйгээр зогсохгүй алдагдалд оруулна гэж олон улсын мэргэжилтнүүд үзжээ.
Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын бодлогын шийдвэр гаргахад туслах үүрэгтэй Засгийн газраас хараат бус институц манайд зайлшгүй шаардлагатайг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, Сангийн яам хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын асуудлаар цаашид тулгарах сорилтуудад бэлтгэгдсэн байх ёстой атал манайд огт тийм зүйл байдаггүйг гадныхан анзаарсан гэнэ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ