“Guildford Coal” Өмнөговьд уурхай байгууллаа
Австралийн нүүрс олборлогч “Guildford Coal” групп Өмнөговьд коксжих нүүрсний уурхай нээсэн гэж “Menafn.com” мэдээллээ. Энд бичсэнээр уурхайн ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүгийн эх үүсвэр хангалттай бий. Мөн нүүрс олборлох, боловсруулах “Өмнийн Говь” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.
Төсөл хэрэгжих талбай нь таван блокоос бүрдэх ба Улаанбаатараас 800 орчим км зайтай, Монгол, Хятадын хилд маш ойрхон байрладаг. Тиймээс хөрөнгө оруулагчид энэ төслийг эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзжээ.
Үүнээс гадна “Guildford Coal” группийн лицензэт талбайн нөөцөөс жил бүр гурван сая тонн коксжих нүүрс олборлох боломжтой юм байна. ЖОРК стандартаар тогтоосон хэмжээ нь 110.9 сая тонн. Үүнээс Хойд уурхайн бодит нөөц 39.7 сая, боломжит хэмжээ нь 30.7 сая тонн бөгөөд мэргэжилтнүүд эндхийн нүүрсний чанарыг Тавантолгойнхоос илүү гэж дүгнжээ.
Харин Зүүн уурхайн боломжит нөөц 40.5 сая тонноор хэмжигдэж байгаа. Эндээс жил бүр хоёр сая тонн нүүрс олборлох юм байна.
Төсөл хэрэгжүүлэгч “Guildford Coal” групп Монголоос гадна Куинсланд, Австрали, Казахстанд нүүрсний уурхайтай. Үйл ажиллагааны цар хүрээгээр Австралид хоёрдугаарт ордог, бие даасан компани юм.
Г.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ