Байрны гурван "байдаг"
Орон сууцанд хүн бүр амьдрахыг хүсдэг. Ялангуяа монголчууд бидний дийлэнх нь хувийн хашаа байшингаасаа татгалзаж орон сууц хэмээх олон давхар дөрвөлжин ханатуудыг илүүд үздэг. Тиймээс ч орон нутгаас нийслэлд шилжин суурьшигчдын зарим нь байгаа бүхнээ байраар сольчихдог. Харин тэдний бас зарим нь тогтмол зардал төлнө гэдгээ огт мэддэггүй байна. Орон сууцаа байж боломгүй өндөр үнээр авчихаад орсон хойноо эхний өдрөөсөө зардал тооцуулж эхэлнэ. Энэ бол орон сууцны нэгэн байхуй. Тодруулбал, байр байна гэдэг нь байрны төлбөр, ус, цахилгаан, бусад тогтмол зардал байнга байнаа гэсэн үг. Үүнийг үл мэдэгчид нь худалдаалж буй барилгын компанийг урьдчилж сануулаагүй гэсэн шалтгаанаар шүүхдэж байсан удаа ч бий. Сонирхолтой нь худалдан авагч энэ шүүхэд ялалт байгуулжээ. Тэгэхээр мэдэхгүй нэгэнд нь дуулгахад орон сууцаа хэчнээн төгрөгөөр худалдан авснаас үл хамааран орсныхоо дараа сар бүр байрны мөнгө төлдөг жамтай.
Удаах нь, байр байхад СӨХ, контор ч бас байх нь зайлшгүй. Тэдний зорилго нь мөнгө гэж болно. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийн дээрх зардлыг цаг тухайд нь төлүүлж, бусдын болоод өөрсдийн эрх ашгийн төлөө зүтгэлтэйгээр ажиллана. Бусдын төлөө гэдэг нь тэдний үүрэг. Жишээ нь, тухайн орцны таван айл дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйгээс хааж боож байна гээд бусад өр төлбөргүй айлуудын эрх ашгийг зөрчиж болохгүй. Тэглээ гээд төлбөрөө төлөөгүй айл нь завшаад байж ч бас болохгүй. Энэ болохгүй бүхэн ихэнх орон сууцанд тохиолддог нийтлэг асуудал. Тэгвэл бусдын эрх ашгийн дунд зарим нь өөрсдийнхөө эрх ашгийг ч хавчуулаастай. Дундаж хэмжээтэй буюу 55 м.кв талбай бүхий орон сууцны төлбөр өвөлдөө 150 гаруй мянган төгрөг гарч байгаа. Гэрийн эзэд бодит тарифаа мэдэхгүйгээсээ болж үүнийг хэрхэн тооцож байгааг ч сонирхдоггүй. Байрны төлбөрийг тооцох аргачлал тухайн СӨХ, конторын өөрсдийнх нь үзэмжийн асуудал болоод удаж байна. Энэ ариун явдал уу гэдэг шиг, энэ шударга явдал мөн үү? Гэвч үүнийг иргэд мэдэхээсээ мэдэхгүй нь их. Мэдсэн ч амжилтанд хүрэх нь ховор. Жишээ дурдвал, халаалтын төлбөрийн торгуулийг тодорхой хувь тооцон ногдуулдаг атал 70 мянган төгрөг гэсэн үнээр тогтсон байх. Цаашлаад дур мэдэн цахилгаан таслах, лифт зогсоох, халаалт хаах зэрэг эрх мэдлийг тэд дур мэдэн эзэмших нь бий. Ийм эрх тэдэнд байхгүй гэдгийг энэ далимд онцлоё.
Харин эцсийн байхуй бол тархиа ажиллуулбал тансаглаж “байх”. Үүн дээр нэг л жишээг татъя. Нийслэлийн нэгэн байрны нэг давхрын гурван айлын байрыг нэг өрх авчээ. Анх мэдээж гурван айлын мөнгөөр худалдаж авсан байх гэж найдаж байна. Хамгийн ашигтай нь тэд гурав бус нэг, тодруулбал 50 гаруй м.кв байрныхаа л төлбөрийг хийдэг. Харин бусад хоёр тоотынх нь хувьд нийтийн эзэмшлээр төлбөр нь хийгдчихдэг аж. Тэгэхээр тэр айлын төлөх мөнгө хэний халааснаас гарч байгааг бодох хэрэгтэй. Чадаж байгаа юманд арга алга гэдэг үг л энд яг тохирно. Энэ мэт жишээ нийслэлийн хэмжээнд хэчнээн байгааг би таашгүй. Учир нь энэ жишээнд дурдагдсан айлын талаар тухайн байрны СӨХ, контор нь саяхныг хүртэл мэдээгүй байсан гэнэ.
Ингээд байрны амьдралд заавал байдаг, бас байж боломгүй ч байсаар байдаг зүйлсээс дурдлаа.Уг нь орон сууцаа оройд тултал үнэд хүргэдэггүй сэн бол эзэнгүй хот шиг дүнхийсэн хорооллууд амилж, энд тэндгүй утаа суунаглах нь багасна. Эцэст нь байрны мөнгөндөө ч барьц алдахгүй байж болох шүү дээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ