Б.Гарьдмагнай: Тасалбар мянган төгрөг ч бай энэ нь үнэ цэнэтэй

Б.Гарьдмагнай: Үнэгүй зүйл өөрөө хор уршигтай. Тасалбар мянган төгрөг ч бай энэ нь үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй зүйлийг хүмүүс үзэж байна гэдэг нь жинхэнэ сэтгэлийг харуулах биз ээ

-Гадаа талбайн тэмцээнүүд эхлэх дөхсөн энэ үед завгүй бэлтгэл сургуулилт хийж байгаа байх. Зав гарган ярилцаж байгаад баяртай байна.

-Баярлалаа. “Дэрэн” клүбийн гадаа талбайн бэлтгэл хангагдаад 7 хоног болж байна.

-Сар хүрэхгүй хугацааны дараа гадаа талбайн хамгийн том тэмцээн тэргүүн дээд “Хүрхрээ” үндэсний лиг эхэлнэ. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд тамирчдын бүрэлдэхүүн шилжилт хөдөлгөөн ихээхэн анхаарал татаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Футзалын тэмцээнд “Дэрэнд” харъяалагдаж байсан Гарьдмагнай энэ зун хаана тоглох болсон бэ?

-Миний хувьд “Дэрэн” клүбийн нэрийн өмнөөс тоглоно. Яагаад энэ багт вэ ? гэхээр залуу тамирчдад туршлага болох үүднээс зааж зөвлөн талбайн голоос, талбайн төвд байрлаж хүүхдүүдтэйгээ аль болох ойр байя гэж боддог. Бид бүхний бэлтгэл тун сайн хангагдаж байгаа гэж ойлгож болно.Аль болох их зүйлийг зааж зөвлөн өнгөрсөн жилийн алдаагаа засах тал дээр ажиллаж байна.

-Өнгөрсөн жил “Сэлэнгэпресс” клүбт тоглож байсан хүн. Туршлагатай тамирчид болох Лхүмбэнгарав, Мөрөн, Төгсбаяр зэрэг тамирчидтай хамтдаа тоглож байлаа. Харин энэ жил тэс ондоо ертөнц болох залуу, туршлага бага тамирчидтай тоглоно. Ялгаа хэр харагдаж байна ?

-Мэдээж баг болгонд өөр өөрийн бэрхшээл байгаа. “Сэлэнгэпресс” клүбийн хувьд туршлагатай, ахмад тамирчид олон байсан. “Дэрэн” клүбийн хувьд залуу, хурдтай, эрч хүчтэй тамирчид дээр тулгуурлаад туршлагатай хоёр, гурван тамирчин багтаа нэгтгэж байгаа. Хаалгач, довтлогч, хэрвээ боломж гарвал төвийн шугаманд тамирчин авна. Одоо байгаа багийн бүрдүүлэлт ч гэсэн сайн байгаа. Бүх зүйлээ дайчлан тоглох болно.

-Өнгөрсөн жилийн “Хүрхрээ” үндэсний дээд лигт “Дэрэн” клүб доод лиг рүү унах аюултай хэсэгт багтаж байлаа. Улирлын төгсгөлийг, тэр дундаа гол өрсөлдөгч “Соёмбын Барсууд”, “Улаанбаатарын Мазаалайнууд” багтай сайн тоглосон. Үзэгчид мэдээж залуу тамирчдын тоглолтыг хараад хэдэн жилийн дараа аюултай баг болно гэж ярицгаадаг. Энэ жил “Дэрэн” клүбээс ямар амжилт хүлээж харж байна ?

-Хүлээлтийн хувьд гурван бодол байна. Мэдээж хэрэг өнгөрсөн жилийнхээс илүү өрсөлдөөн гарна, нийт 10 баг өрсөлдөхөөр болсон. Тиймээс лигтээ тогтож үлдэх. Дараа нь үзүүлсэн, гаргасан амжилтаа давуулан биелүүлэх. Өнгөрсөн жил зургаадугаар байрт бичигдэж байсан тэрхүү амжилтыг нь тав, дөрөв рүү оруулах. Эсвэл сайн байж чадвал аваргын цомын төлөө ч дайралт хийх бодол байна. Ер нь бол том зорилт тавьж, түүндээ хүрэхийн тулд хичээж, бэлтгэл сургуулилтандаа их анхаарч ажиллаж байна.

-“Хүрхрээ” лигийн аварга баг 40 сая төгрөг удаах байрууд ч мөн 30,20 сая гэх жишээний мөнгөн шагналыг хүртэж байна. Тиймээс багууд ач холбогдол ихээр өгч, бүрэлдэхүүндээ анхаарч байна. Гадны легионер тамирчдын цуваа ч жил ирэх тусам өссөөр бас чанаржсаар. “Дэрэн” клүб энэ тал дээр хэрхэн ажиллаж байна ?

-Манай баг хаалгачийн байрлалдаа анхаарч, гаднаас нэг легионер тамирчин авахаар ярилцаж байна. Арьсны өнгө өөр байхаар л легионер тамирчин болчихдог юм биш шүү дээ. Хичнээн өөр арьстай байгаад Монголчуудаас илүү тоглож чадахгүй бол шаардлагаггүй өндөр цалинг клүб өөрөө л гаргана гэсэн үг. Тэрний оронд ирээдүйтэй өөрсдийн залуу тамирчдадаа тэрхүү мөнгөө зарцуулсан нь дээр. Харин өнгө ижилхэн ч авьяас чадварын хувьд илүү байвал болно гэж боддог. Үүнийг клүбүүд ойлгож байгаа гэж бодож байна.

-Монгол улсын шигшээ багийн ахлагч, Монголын хөлбөмбөгийн халуун тогоонд нэгэн арван жилийг хэдийн үдээд байгаа таны хувьд өнөөгийн хөлбөмбөгийн хөгжил хэрхэн дүгнэгддэг вэ ?

-Тоглогч болон дасгалжуулагчийн нүдээр харахад хөгжилудаан явж байх шиг санагддаг. Байнгийн бэлтгэл сургуулилт байхгүй, тамирчдын идэвхтэй сургуулилт алдагдсанаар авьяаслаг, ур чадвар сайтай тамирчид хүртэл муу болох зүйл байдаг. Гэхдээ энэ бол Монголын Хөлбөмбөгийн Холбооны буруу биш. Клүбүүд санхүүжилт тааруугаас л энэ бүхэн орхигдож тасалдаж байна. Клүбүүдийг энэ бүхнийг шийднэ гэж бид бүхэн 10 гаран жил харлаа. Тийм болохоор Холбоо үүнийг бодлогоор базаад, нэгтгээд явбал боломж бий гэж тоглогч, дасгалжуулагч хүний нүдээр хардаг даа.

-МХБХ тамирчдаа байнгийн бэлтгэлтэй байлгах үүднээс футзалын болон гадаа талбайн шахуу хуваарьтай тэмцээнийг их зохион байгуулж байна. Таатай орчин бүрдүүлэх үүднээс бүрэн засвар үйлчилгээ хийгээд байна. Гэхдээ бид зөвхөн хэлбэр талаас харж байна. Тамирчин хүний хувьд тэмцээн хоорондын зай танд ямар санагддаг вэ ?

-Тэмцээнүүд болж өгвөл их зайтай байсан дээр. Ялангуяа залуу тамирчдын хувьд тэмцээнээс тэмцээн хоорондын дунд алдаа гаргасан ч түүнийгээ засах боломж бололцоо олддоггүй. Алдааг зөвхөн бэлтгэл дээр л засаж залруулна. Тиймээс биш тоглолтонд дээр л шууд засчихдаг юм биш. Үүнээс болоод залуу тамирчид алдаагаа засаж чадалгүй дараагаа тэмцээндээ орох нь маш буруу юм. Бас өөрсдийгөө ч ирээдүйд устгах аюултай. Хөлбөмбөгийн буруу хэвшил гэж үзэж болно.

-“Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 7-ны өдрөөс эхэлнэ. Энэ жилээс эхлэн МХБХ-ны тэмцээн уралдаан бүр тасалбартай болж байна. Үүнээс олсон ашигаа хөлбөмбөгийг хөгжүүлэх жижгээс эхлээд том зүйлд зарцуулах гэж байна. Азтай үзэгч болон нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд зориулах гэх мэт. Та энэ тал дээр ямар байр суурьтай хандаж байна ?

-Үнэгүй юм гэдэг өөрөө их хор үр дагавартай. Тоглолтоо дуусгалгүй хаяад явчихна. Тэр хүнийг явсанаас хойш ямар ч гайхалтай зүйл болохыг үгүйсгэхгүй. Иргэн өөрөө мөнгөө төлөөд тоглолтыг үзэх гэж байгаа бол гоё ганган зүйлийг л үзэхийг хүсэж байгаа. Бид нар хошин шог, ямар нэгэн урлаг соёлын арга хэмжээг мөнгөө төлөөд л үздэг шүү дээ. Түүнтэй ижил хөлбөмбөг ч гэсэн тасалбартай болсоноор өөрөө дотооддоо үнэ цэнэтэй болно. Тамирчдад энэ нь эерэг сэтгэгдлийг төрүүлнэ. Тасалбар хэд байх нь хамаагүй. Таван мянга, гурван мянга магадгүй мянга ч байж болно. Гол нь л үнэтэй байх хэрэгтэй. Үнэтэй байна гэдэг үнэ цэнэтэй байна гэсэн үг. Хүн мянган төгрөгөөр тасалбар аваад ирж байгаа юм чинь бидний тоглолтыг үзэхийг хүссэн л байгаа. Тиймээс үүнийг олон жил тоглож байгаагийн хувьд маш зөв зүйл гэж үзэж байна даа. Бид өөрсдөө л хөлбөмбөгөө хөгжүүлнэ. Тиймээс жижиг зүйлс гэлтгүй хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ