О.Магнай: Т.Аюурсайхан НИК-ийг монополь ангилалаас гаргасан байсан

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы ярьсан мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр О.Магнай хэвлэлийн хурал зарласан юм. Тодруулбал, Т.Аюурсайхан хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ зөрж, их хэмжээний мөнгө төгрөг завшиж байсан гэх асуудлыг олон нийтэд дэлгэжээ. Түүнчлэн НИК ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай цуцалсан, мөн томоохон монополь компаниудаас авлига авсан мэтээр удаа дараа олон нийтэд мэдээлсэн аж. Тиймээс энэ талаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай дараах тайлбарыг хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд өөрийг нь мөнгө төгрөгтэй холбоотой, идсэн уусан гэх асуудалд холбосон учраас, энэ нь түүний хувийн зарчимтай харшилсан учраас энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа гэдгээ тодотголоо.

Түүнийг НИК ХК-ийн торгуулийг цуцалсан гэх асуудалд дараах хариултыг өгсөн юм.

"“НИК” компанийн торгуультай холбоотой асуудал байгаа. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2012 оны аравдугаар сард тавьсан торгууль. Тухайн үед “НИК” компани бензин байсаар байтал дууссан гэж зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Торгуультай холбоотой гурван шатны шүүх хурал болж, бид ялалт байгуулсан. Гэхдээ шүүхийн хамгийн эцсийн шийдвэр торгуулиа дахиж тооц, дахиж тооцохдоо зөвхөн А92 бензин түлшинд тооцоод, торгуулиа шинээр тавь гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед “НИК” компанийн удирдлага н.Халиунбат гэж хүн байсан шиг санаж байна. Халиунбатад “Надад тоогоо өг. Дахиж торгуулиа тооцмоор байна” гэдэг саналыг удаа дараа тавьсан ч тус компанийн зүгээс нэлээд хойрго хандсан. Би маш сайн санаж байна. Үүний дараа энэ их өндөр хэмжээний торгуультай асуудлыг нэг хүн дангаараа шийдэх юм бол янз бүрийн хэл ам гарч болно гэдэг үүднээс би ажлын хэсэг гаргасан. Тухайн үед Улсын байцаагчаар ажиллаж байсан хуульч, улсын байцаагч нарын таван залуутай хамт. Ингээд би энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж чадалгүй ажлаа өгсөн. Тодруулбал 2014 оны 12-р сард ажлаа өгсөн байдаг. “НИК” компани бол монополь компани. Гэтэл Т.Аюурсайхан ажлаа аваад уг компанийг монополь гэсэн ангилалаас гаргасан байсан. Ингээд тавьсан торгуулийг нь хүчингүй болгоод, тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас нь халах маягаар асуудлыг шийдсэн байсан. Ер нь та бүгд “НИК” компанийг ямар эзэдтэй вэ гэдгийг мэднэ. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг гэж хүний хүүхдүүд болох О.Содбилэг нарын эзэмшдэг компани. Г.Аюурсайхан гэж нөхөр бол өмнө нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Эд нар бүгд нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл." гэв.

Түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн торгуулийг мөн О.Магнайг хүчингүй болгосон гэж Т.Аюурсайханы хэлснийг бас үгүйсгэж байлаа. Тодруулбал, Тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгана. Гэхдээ дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг ямар нэгэн үл маргалдах зарчмаар шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулжээ. Гэтэл түүнийг тавьсан торгуулиа бүр хүчингүй болгосон мэтээр ярьсан байв.

Тэрээр эцэст нь "Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгочихоод О.Магнай энэ асуудалд оролцсон гэх маягаар хандаж байгаа нь туйлын хариуцлагагүй зүйл. Би энэ асуудлаар Т.Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө. Ер нь намайг яаж ажилласаныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Намайг шалгахад ямар ч хаалт хамгаалалт байхгүй. Шалгаж болно. Улайм цайм ийм гүтгэлэг тарааж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм." гэсэн тайлбарыг өглөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ