Тулаанд зөвхөн Харцагууд ниснэ
Тоглолтын өмнө “Смарт”-ын А.Гансүх Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын амжилт нь ахисан тоглогч, Ч.Энхтайван 2015-2016 оны улирлын шилдэг шинэ тоглогч, “Алтан Дорнод Архангай Лидер” багийн төвийн тоглогч Чу Мадабум 2015-2016 оны улирлын шилдэг хамгаалагчаар тодорч тус тус шагналаа гардан авлаа.
Супер лигийн шилдэг холбогчдын нэг Ганболдын Баттөр тоглолтын эхэнд алсын зайнаас бороо оруулав. Нэгдүгээр үеийн эхэнд “Харцага” 21 оноо дараалан авсан бөгөөд үүний 17-г нь Г.Баттөр ганцаараа түүжээ. Ингэхдээ алсын зайн таван шидэлтээ байнд нь тусгасан юм. Тооны харьцаа 21:0 гэж эхлэхэд сагсан бөмбөг сонирхогчид “Смарт” хожиж чадахгүй хэмээн таамаглаж байв. Нэгдүгээр үе 34:15-аар дууссан бөгөөд Г.Баттөр 20 оноо авч, зургаан удаа алсын зайн шидэлтээ амжилттай болгосон юм.
Улмаар тоглолтын турш “Харцага” илүүрхсээр өрсөлдөгчөө 127:97-гоор бутниргэв. Тэд багаараа тоглолтын турш 19 алсын шилдэлт амжилттай болгон Супер лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн Г.Баттөр 10 алсын зайн шидэлтээ цагаригт унагаж, нэг тоглолтод хамгийн олон удаа алсын зайн шидэлт оновчтой болгосон тоглогч боллоо. Ийнхүү дараагийн шатанд шалгарсан “Харцага” хагас шигшээд “Төв Ургац”-тай өрсөлдөх юм.
Тус тоглолтод “Харцага”-аас Г.Баттөр 38 оноо, найман оновчтой дамжуулалт өгсөнөөс гадна нийтдээ 10 удаа холын зайнаас амжилттай довтолж үндэсний супер лигийн дээд амжилтыг 1-ээр нэмсэн бол Т.Акол 17, Э.Дөлгөөн 12, Блэйр 12 оноогоор түүнд тусалжээ. “Смарт”-аас Моррис 23, А.Гансүх 21, Ханкерсон 15 оноо цуглуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ