Н.Энхболд гишүүн ХХААЯ-ны удирдлагуудтай уулзав
УИХ-ын гишүүн Н.Энхболд тариаланчдын тавьсан санал хүсэлттэй холбогдуулан ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж ярилцлаа.
Уулзалтын үеэр Н.Энхболд гишүүн өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон 10 аймгийн 32 сумын газар тариалангийн 300 гаруй компани, тариаланч иргэдийн санал хүсэлтийг салбарын яамны албан тушаалтнуудад уламжилж, харилцан мэдээлэл солилцлоо.
УИХ-ын гишүүн Н.Энхболд МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэхээр болсныг танилцуулсан юм. Тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг даруй зохион байгуулах, импортын зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, буудайны тоо хэмжээ, тодорхой мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэл ажлыг эртнээс хангах, хөрөнгийг шийдэх зэрэг асуудлыг уг шаардлагад тусгажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ