Монголын эдийн засгийн форум: Гурав дахь сорилт
Монголын эдийн засгийн чуулган өчигдөр эхэлсэн. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бид та бүхэнд бүрэн эхээр нь хүргэсэн билээ. Харин дараа нь АХБ-ны Зүүн азийн бүсийн захирал Аюуми Кониши үг хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд тус байгууллага Монгол Улстай олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж амжилттай хамтарч ажилласныг дурдаад цаашид бүс нутгийн интеграцид нэгдэн, амжилттай хөгжих боломж байгааг дурдсан юм. Мөн Монголд өнөөдөр учраад буй сорилтын тухайд төсөв, мөнгөний чанга бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөв. Тэгэхдээ энэ их хэцүү сонголт бөгөөд богино хугацаанд бэрхшээл учруулж болох ч урт хугацаанд үр дүнтэй гэдгийг учирласан юм. Түүнчлэн төсвийн тогтвортой байдал чухал гэдгийг онцолж байв.
Энэ өдрийн нэгдсэн хуралдаан “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг” сэдвээр өрнөж, Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн азийн бүсийн захирал Вивек Патхак, Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Саккер, Эрнест энд Янг банк, санхүүгийн салбарын баталгаажуулалтын үйлчилгээний тэргүүн Кейт Погсон, доктор Ч.Хашчулуун нар санал бодлоо солилцлоо.
Гадаадын зочид, олон улсын байгууллагын төлөөлөгчид манай эдийн засгийн хүндрэлийн гадаад хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх таваарын үнийн уналт энэ оны сүүлчээр дуусч, үнэ эргэн сэргэж тогтворжино гэсэн хүлээлт байгааг хэлж байв. Кейт Погсон “Зэс хятадад хэрэгтэй хэвээрээ байгаа. Торгоны зам зэрэг том төслүүдийг хэрэгжүүлэхэд хятадад зэсийн хэрэгцээ нь нэмэгдэнэ” гэсэн юм.
Хуралдааны үндсэн илтгэлийг Вивек Патхак тавьсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “эдийн засагт гэнэт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг үр дагаврыг урьдчилан харах чадвар төрд хэрэгтэй... Гадаадын хөрөнгө оруулалт богино хугацаанд эдийн засагт үр өгөөжтэй боловч урт хугацааны тогтвортой хөгжилд хүргэдэггүй” гэсэн бөгөөд хуримтлалыг бий болгож дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм. Гэхдээ уул уурхайгаас хамаарал багатай аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэргийг сонгож эдийн засгаа олон тулгууртай болгох хэрэгтэй гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд мөн эдийн засгийг уул уурхайн хамаарлаас холдуулах хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд нам тогтвортой инфляци зээлийн хүүг бууруулж, мэдлэг шингэсэн, экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх орон зай болж байна хэмээсэн.
Харин Сангийн сайд Б.Болор төсвийг хариуцлагажуулж, алдагдалгүй баталж байж эдийн засгийн хүндрэлийг давж гарах ёстой гээд улс төр, эдийн засгийн хүрээнд тийм боломж байгаа гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан барилгын салбарын талаар саналаа хуваалцаж уг салбарыг улирлын хамаарлаас гаргаж, материалын үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засгийн өөр нэг тулгуур болж уул уурхайн хамаарлыг бууруулах боломжтой гэв.
Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун төсвийн бодлогыг онцолж төрийн байгууллагуудад бүтцийн шинэчлэл хийсэн нь зөв алхам болсныг дурдаад цаашид үргэлжүүлэн цомхотгох шаардлагатай байна гэсэн юм. Мөн эдийн засгийн хүндрэлд төрийн компаниудын үүрэг их байгааг шүүмжлээд Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс таван толгой зэрэг компанийг салбар нэгж болгон Эрдэнэс Монгол ХХК-ийн шууд удирдлагад өгөх хэрэгтэй гэж үзлээ.
Ийнхүү чуулганы эхийн өдөр уул уурхайн алсын хараа, мэргэжлийн ёс зүй, хөгжлийн төлөө түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, хуульчдын өрсөлдөх чадвар, нийгмийн даатгалын шинэчлэл, ногоон бизнес, цомхон чадварлаг төр, монгол мөрөөдөл гэсэн сэдвээр салбар хуралдаан өрнүүллээ.
Ц.Элбэгсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ