П.Цагаан: Монголын ирээдүйг тодорхойлох ач холбогдолтой чуулган эхэллээ

Монголын эдийн засгийн 2016 оны чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.

“Монголын Эдийн засгийн чуулган” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын эдийн засгийн 2016 оны чуулганыг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд,

УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Та бүгдийн энэ өглөөний түмэн амар амгаланг айлтган мэндчилье.

Монголчууд бид Төр засаг, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн өргөн төлөөлөлтэйгээр Монголын Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, тэр жилийн төлөв байдлыг тодорхойлдог индэртэй болсноос хойш эдүгээ 7 дахь удаагаа уулзаж байна. Энэ үйл явдлыг Монголын нийгэм хүлээдэг болжээ.

Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 2010 оны 2 дугаар сард анхдугаар чуулганаа “БИД ХАМТДАА ЧАДНА” гэдэг уриан дор зохион байгуулж, дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврыг хэрхэн хамтдаа даван туулах талаар ярилцаж, бас нэрт эрдэмтэн Эрнандо Де Сото зочноор оролцож байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.

2011 онд “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор хоёр дахь чуулганаа зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийн талаар, уул уурхайн салбарын талаар халуун яриа өрнүүлж байсан бол 2012 оны 3 дугаар сард “ХӨГЖИЛД ХАМТДАА” гэсэн уриагаа үргэлжүүлэн эдийн засгийг солонгоруулах талаар санал бодлоо уралдуулж, Өрсөлдөх чадвар, төлөвлөлтийн талаар ярилцаж байсан.

Сонгуулийн жил болоод ч тэрүү их л өөдрөг дүр зураг, бас болгоомжлуулсан санал ч сонсогдож байлаа.

2013 онд бид Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орон боллоо хэмээн баяр хөөр болсон, бас ч гэж нэлээд хөөрцөглөсөн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэч зогсолтгүй, хязгааргүй өсөх мэтээртөсөөлж, төсвийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, нийгмийн халамж, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж байлаа. МОНГОЛ БРЭНД-ийн тухай голлон ярилцаж, уул уурхайн компаниудын үүрэг оролцооны талаар бага ярив.

2014 оны Эдийн засгийн чуулган “МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор болж, Чингис бондоос болон төсвөөс үндэсний үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих талаар уралдан ярилцсан бол өнгөрсөн жил - 2015 онд“ИТГЭЛЦЭЛ” гэсэн уриан дор явагдав.

Чуулганы уур амьсгал гадаадын хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчдийн итгэл алдарсан, алдарч байгаа тухай, тэдний итгэлийг сэргээх, буцааж татах, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж буйүзэгдэл, шалтгааны тухай,төсөв, санхүү, эдийн засгийн төлөв байдал хүндэрч болзошгүй тухай зовнин ярилцсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон үе үеийн Ерөнхий сайд нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж ирсэн Монголын Эдийн засгийн чуулгантай байсан сүүлийн 7 жилд Монголын амьдралд гэрэл гэгээтэй олон үйл явдал, дэвшил байсныг Та бүхэнд харуулсан слайд - дэлгэцдээрээс тод харагдлаа.

Монголын хүн амын жилийн өсөлт 1,6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа. Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ.

Хар, цагаантай хорвоо гэдэг шиг сайны хажуугаар саар зүйлс ч олон байлаа. Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учраас тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байх болно.

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна гэдэгт итгэж байна.

Ингээд 2016 оны, АСЕМ-ын жилийн Монголын эдийн засгийн чуулган нээснийг зарлан тунхаглая” хэмээгээд цан цохин чуулганы үйл ажиллагааг эхлүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ