МАХН-ын шинэчлэл “будаа”
Л.Жамбалжав тэргүүтэй хэсэг гишүүд МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа зарлаж, Бага чуулгандаа тодорхой асуудлыг тавихаа мэдэгдсэн. Гэвч санасан нь талаар болжээ. Тус бага чуулганаас Л.Цогийг УИХ-ын дэд даргаас, Г.Шийлэгдамбыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлсөн нь угаасаа гарах л байсан шийдвэр бол нэлээн хэдэн гишүүнийг намын дэд дарга, нарийн бичгийн даргаар томилсон нь “бослого” гарахаас сэргийлж, бялуу хүртээсний илрэл гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьяан нарыг намын дэд дарга, Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт, С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг намын нарийн бичгийн даргаар томилсон нь 100 ямаанд 60 ухна гэгч боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулжээ.
Мөн О.Баасанхүү гишүүнийг хоосон хоцроолоо гэх хов жив ч мандаад авсан гэнэ. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр Ж.Сүхбаатарыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байхаар яадаг юм. МАХН нэрийг авахын төлөө нойр хоолоо хугаслан байж зүтгэсэн хүнээ тавих ёстой гэх хэл ам ч гараад амжиж. Гэвч нэгэнтээ МАХН-ын удирдлагын зүгээс санал болгосон нэрийг Бага чуулганы гишүүд няцааж чадалгүй, Ж.Сүхбаатарыг тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
Үүнээс гадна Шинэчлэлийн хөдөлгөөнөөс шаардсан МАХН-ын бодлого хэдхэн хүний санаа бодлогод тулгуурлах бус, гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг намынхаа бодлого чиглэл болгодог, цаашлаад ард түмнийхээ санаа бодлыг анхааралтай хүлээж авч хэрэгжүүлдэг социал демократ үзэлтэй нам байх ёстой гэх шаардлагыг Бага чуулганы үеэр хүлээж аваагүй аж.
МАХН-аас гарсан шийдвэр хэдхэн хүний хүрээнд эргэлддэг бус, Гүйцэтгэх товчооны гишүүний хүрээнд яригдаж, асуудал зангилагддаг шүү гэснээр шинэчлэгчид хэсэгтээ хөдлөх аргагүй болж, мухарджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ