У.Зоригт : Даниел Кормиер 2-р үед Жон Жонсыг хүнд цохилтоор ялна гээд төсөөлцөн байгаа

Манай www.ssport.mn сайтаас UFC тайлбарлагч Монголд холимог тулааны спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа У.Зоригт-той UFC болон Холимог тулааны талаар сонирхолтой ярилцлага хийлээ. Ингээд уншигч та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсье.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!

-Сайн сайн байна уу? Энэ өдрийн мэнд.

Холимог тулаан гэдэг ойлголтыг анх хэзээнээс авч байсан бэ?

-Холимог тулаан гэдэг ойлголтыг анх 1994 онд 1 дүгээр арван жилд сурдаг байхад манай ангийн Ганбаяр гэж хүүхэд надад нэг касет өгч байлаа. Тэр үед DVD гэж байгаагүй. Тэгээд дээрээ зодоон гэсэн нууц бичигтэй тэрийг нь үзсэн чинь торон дотор хоёр хүн цусаа гартал зодолддог тийм бичлэг анх үзээд л за ёстой жинхэнэ зодоон гэж энэ байна даа гэж анх бодож байлаа. Тэр бичлэгт Танк Аббот гэж хүнд жингийн бүдүүн, сахалтай залуу нэг нөхрийг хүнд цохилтоор буулгаж авдаг, бас нэг гартаа боксын бээлийтэй нөгөө гар нь нүцгэн тулалддаг зэрэг тиймэрхүү тулааныг анх тэр касетнаас үзэж байсан. Тэрийг одоогийн UFC гэдгийг мэдэхгүй л арван жилийн хүүхэд анх тийм ойлголт авч байсан даа.

Америкд ажиллаж амьдарч байхдаа UFC-гээ үзээд сонирхоод явсан байх. Тэр хугацаанд Холимог тулаантай илүү их ойртсон уу?

-Тухайн үед Америкт кабелын телевиз илүү хөгжсөн байсан л даа. Тэр үед төлбөртэй суваг байсан. Тэгээд 2002 оны үед төлбөртэй сувгаар хуучин Pride гээд Японы том холбооны тулаануудыг үздэг байсан. Тулаанууд нь бас ойр ойрхон гараад байхгүй. 3 сардаа нэг удаа ч юмуу их ховор гардаг байсан.

Тухайн үед Фёдор Эмельяненко, Мирко Кро Коп, Вандерлей Силва, Рэмпэйж Жексон, Шогун Руа, ах дүү Ногуейра зэрэг бүх шилдгүүд л тэнд тулалдаж байсан. Ах дүү Эмельяненког их дэмждэг байсан. Яагаад ч юм Монгол хүн болохоороо Оросууыг илүүтэйгээр дэмждэг байсан. Тэр үед UFC бол жижиг холбоо байсан л даа. Тэгээд UFC-гийн шилдгүүдийн нэг Чак Лиддел-ыг Дана Уайт дагуулан Pride-д авчирч одоогийн хүнд жингийн Алистар Овереем-тэй тулалдуулж байсан. Тухайн үед Чак Лиддел хүнд цохилтоор ялалт байгуулж байсан. Энэ нь UFC-ийн нэр хүндийг өсгөх зорилготой байсан гэж боддог. Ингэж л анх Америкт үзэж эхэлсэн дээ.

Яг энэ чиглэлээрээ яаж орсон гэхээр 2003 онд Америкын Модесто хотын нэг фитнесс клубд бид нар заал авах гээд хажуугаар нөгөө хүлээгээд байж байсан нөхдүүд үндэсний бөхөөр барилдаад байж байтал нэг Америк залуу ирснээ “Та нарын хийгээд байгаа наадах юм чинь их сонирхолтой байна. Бид нар бас ийм бөхийн Жиү Жицү гэдэг төрлөөр хичээллэдэг хүмүүс юмаа. Гэхдээ унагаагаад цаашаа ажиллаад явдаг юм. Харин та нарын босоо барилдаан чинь их сонирхолтой байна. Манайд ирж үзнэ үү гээд бид нарыг анх урьж байсан” тэгж л анх хичээллэж эхэлсэн.

Та өөрөө Холимог тулаанаар олон жил бэлтгэл сургуулилт хийсэн. Холимог тулаанаар хичээллэхийн давуу тал болон онцлог нь юу вэ?

-Холимог тулаанаар яг хичээллэсэн жилээ бодоод үзэхээр2004 оноос эхэлж хичээллэсэн байдаг. Үүнээс Америкт байх хугацаандаа бас төдийлөн хүссэнээрээ хичээллэж чаддаггүй байсан. Яагаад гэвэл ажил хөдөлмөр хийж байснаас гадна хүний нутагт тэгж хүссэнээрээ бэлтгэлээ хийгээд яваад байх боломжгүй байсан л даа. Яг тасралтгүй хичээллэж эхэлсэн гэвэл сүүлийн 6 жил тасралтгүй хичээллэсэн. Холимог тулаанаар хичээллэхийн гол давуу тал бол тулааны бүх төрлийг нэгтгэсэн цогц учраас олон төрлийн дасгалтай сургуулилттай байдаг. Жишээ нь : Бокс гэхэд зөвхөн гараараа өрсөлддөг, кикбокс гэхэд хөлөөрөө өрсөлддөг бол холимог тулаан тэднийг нэгтгэж чадсанаараа онцлог. Зөвхөн тулааны ач холбогдол гэлтгүй эрүүл мэнд болон биеийн галбирт маш эерэг нөлөө үзүүлдэг. Бас тулааны спорт бол өөрөө маш том бясалгал. Тийм учраас хүнийг зөв хүн болгож төлөвшүүлнэ, тайван болгоно, өөртөө итгэлтэй болгоно гэх мэт олон ач холбогдолтой. Цаашлаад тулаанаар хичээллэсэн хүн ажил амьдралдаа амжилт гаргасан тохиолдол их байдаг. Энэ нь зөвхөн эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүн, хүүхэд гээд бүгдэд нь хамааралтай.

Анх UFC 168-ыг албан ёсоор Монголд гаргаж эхэлснээс хойш 2 жил гаран хугацаа болсон байна. Анх яаж гаргах болсон талаар...

-Тухайн үед SPS спортын төрөлжсөн телевиз байгуулагдаад Английн Премиер Лигийн 4 тоглолтыг зэрэг гаргах зорилготойгоор анх гаргаж эхэлсэн. Энэ нь Монголын спортын хувьд хувьсгал байсан. Тэгээд бид нар ярилцаад нэг сувгаараа тулааны спортыг гаргая аа тэр тусмаа Холимог тулааны спортыг гаргая гэж шийдсэн. Тэгээд SPS телевизийн захирал Наранбаяр бид хоёр UFC-гийн удирдлагуудтай холбогдоод Хонгконг-д анх уулзалдаж гэрээ хийж байсан. Тухайн үед маш өндөр үнээр гэрээ хийж байсан. Одоо ч хүртэл их зардлаа нөхөж чадахгүй гаргасаар л байна. Гол зорилго нь бид энэ спортыг Монголдоо оруулж ирж хөгжүүлж үзэгчдийн шимтэн үздэг гол спорт болгоё оо гэсэн санаатай байсан. Одоо бол Холимог тулааны спорт маань Монголд хөгжиж байна, хүүхэд залуучууд ихээр үздэг болсон байна.

Манайхан UFC-д хэзээ орох вэ? гэсэн асуулт бол үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг асуулт байдаг. Жексон-Винкелжон ММА гэж Холимог тулааны хамгийн том багуудын нэг рүү манай Дамланпүрэв, Батгэрэл, Отгонтулга гэсэн шилдэг 3 тулаанч явсан. Энэ нь бас том боломж болж байгаа байх....

-Манайд Холимог тулааны спорт хөгжөөд удаагүй байгаа учраасUFC рүү гарах гэж нээх их яараад хэрэггүй. Монголын хамгийн шилдэг тулаанчид болох Дамланпүрэв, Батгэрэл зэрэг тамирчид маань Холимог тулаанаар саяхнаас л хичээллэж эхэлсэн. Саяхан гэдэг маань 2010 оноос гэж хэлж болно. Эд нар бол өмнө нь өөр өөр төрлөөр хичээллэж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Жишээ нь манай Нарантунгалаг аварга гэхэд л өөр төрлийн хүн байдаг. Тэгэхээр яг энэ холимог тулаанаа дотооддоо хөгжүүлээд тэндээсээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чанартай тамирчин гаргаж ирж байж UFCзэрэг том холбоонд тулалдуулвал их зүгээр юм. Харин наана нь Bellator, ONE FC, ROAD зэрэг жижиг холбоодод одоо бэлтгэгдэж байгаа тамирчдаа явуулж байх нь илүү давуу талтай. Тэндээсээ туршлага зэргийг хуримтлуулж байх хэрэгтэй. Шууд UFC-д ороод одоогийн Хятад, Японзэрэг улсуудын тамирчид амжилт гаргадаггүй шиг эхнээсээ муу үзчих юм бол манайхны хэр хүндэд их халтай. Муу гэсэн ойлголттой болно. Тэгэхлээр дотооддоо төдийлөн хөгжөөгүй байгаа спортыг гадаадад үзүүлнэ гэдэг бол муу зүйл. Энэний тод жишээ бол манай чөлөөт, жүдо уналтын байдалтай байхад гадаадад амжилт гаргадаггүй байсан. Дотооддоо хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн тамирчдаа биш мөнгө санхүү, төр засгын дэмжлэг зэрэг олон талыг хэлж байгаа. Тэгэхлээр дотооддоо чанартай тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон хойноо тэндээсээ сайн тамирчдийг гаргаад UFC-д үзүүлэх нь илүү боломжтой гэж харж байна.

Нарантунгалаг аваргын талаар юу гэж боддог вэ? Сүүлд Марат Гафуровын эсрэг бүс хамгаалсан тулааны ач холбогдлын талаар....

-Юуны өмнө Нарантунгалагдаа Монголын нийт тулаан сонирхогчдын өмнөөс баяр хүргэе. Бидний төлөөлөл болж анхны гавьяат болж чадсанаар нь үнэхээр их бахархаж байгаа. Нарантунгалаг аварга бол үнэхээр бие сэтгэл амьдралаа тулаанд зориулсан, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явсан, бидний итгэлийг алдаж байгаагүй төр засгаас хөдөлмөрийг нь үнэлэхээс өөр аргагүй хүн. Түүний тод жишээ бол K-1 аварга болж байлаа, холимог тулаанаар ONE FC, Legend Fightingхолбоодын аварга болж байсан мундаг хүн юм. Эдгээр тулаанч залуучууд маань ямар ч дэмжлэггүй өөрсдөө яваад байдаг. Энийг л одоо бид нар хүндэтгэж ялангуяа бизнесменүүд тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм бол энэ спорт маань маш хурдацтай хөгжиж тамирчид маань дэлхийн тавцанд өрсөлдөх боломж бололцоо их ойрхон байгаа. Зөвхөн улс эх орныхоо нэрийг гаргахаас гадна ямар нэгэн санхүүгийн эх үүсвэрийг улс орондоо эргүүлж байдаг. Санхүүгийн орлого оруулж ирснээр эх орондоо ажлын байр ихээр үүсгэнэ гэсэн үг. Үүний тод жишээ бол тулааны гэж хэлж болох сумо-гын их аварга Дагвадорж тэндээ аварга болоод хөрөнгө мөнгө босгоод тэгээд эх орондоо ирж ажлын байр ихээр гаргаж байгаа нь нэг ёсондоо эх орондоо гавьяа байгуулж байгаа хэрэг юм. Энийг л би их ач холбогдол гэж хэлээд байгаа. Нарантунгалаг аварга маань яг энэ замналаар явж байна. Тийм учраас энэ хүнээр маш бахархдаг.

Гафуровын эсрэг хийсэн тулаанд бол Гафуров өөрөө тийм урт, нялцгай хүн байсан. Би бодохдоо тулаан хэвтчих юм бол их эвгүй тийм учраас аль болох босоогоос тулалдах хэрэгтэй юм байна даа гэж бодож байсан. Ялангуяа 2-р үе дээр хэвтээд тэндээсээ дамжаад гарт өчилт хийх гээд их эвгүй байсан. Энэ дээр бол Тунгаа барилдаан муу байсан гэсэн үг бол биш. Хүний биеийн онцлог ур чадвар гэж нэг юм байдаг. Гафуровын тэр урт гар хөл, хэвтээд нялцгай тийм нэг онцлог нь түүний давуу тал болсон гэж боддог. Түүнээс бол манай тамирчин бүрэн хожих боломжтой байсан. Дараагын тулаанд бол ялна гэж бодож байна.

ONE FC, ROAD FC ч юм уу Монгол тулаанчид байдаг холбоодоос Монголд Холимог тулааны эвент болгоёоо гэвэл боломж байгаа юу? Яавал боломжтой болох вэ?

-ONE FC төлөөлөгчид2015 оны 11 сард Монголд ирсэн. Манай бүх заал талбай болон тамирчдыг судлаад явсан. Тэгээд ONE FC зүгээс хамтарч ажиллая гээд400 мянган долларын үнэ тавьсан. Энийг бол мэдээж улс гаргахгүй нь ойлгомжтой. Одоо энэ эдийн засгийн хямралтай үед бизнесменүүдгаргах боломжгүй. Яахав эдийн засаг, уул уурхайзэрэг нь сэргээд ирвэл энэ бол боломж нь нээлттэй байж л байгаа. Монгол мөнгөөр бол 800 сая төгрөгийг гаргаад ивээн тэтгээд өөрсдийгөө сурталчлаад явах албан байгууллага, пүүс компани одоохондоо байхгүй байна. Тэр болтол дотоодын тэмцээн уралдаанаа чанартай болгоод дараа нь гадаадын холбоодтой хамтран ажилласан нь зүйтэй.

UFC-гээс ямар тулаанчыг дэмжижтүүнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-UFC-гээс яг энэ тэр гээд голчлохгүй. Ер нь бол байнга солигдож байдаг. Тулаанчдын мөн чанар, тулалдах арга барил зэргийг байнга судалж байдаг учраас.

Гэхдээ энэ дотроос Лук Рокхолд, Крис Вайдман, Жон Жонс, Даниел Кормиер зэрэг шилдгүүдийг их үнэлдэг. Ер нь бас бөхийн суурьтай тулаанчдыг илүүтэйгээр хараад байдаг шүү. Бас Стифен Томпсон гэж Карате суурьтай залууг их хараад байна. Карате-ын том төлөөлөл болсон залуу ямар этгээд тулаан гаргаж чадаж байгааг, яагаад энэ холимог тулаанд тэгж амжилт гаргаад байгааг одоо бас судалж байна. Тэгээд л явчихдаг болохоос биш яг тэрийг шүтээд үлгэр дууриалал авдаг гэх юм бол байхгүй.

Ямар тулааныг хамгийн ихээр хүсэн хүлээж байна?

-Одоо бол Жон Жонс-Даниел Кормиер 2-ыг ойлгомжтой. Энийг би Даниел Кормиер 2-р үед хүнд цохилтоор буюу доороос өлгөсөн цохилтоор унагаана гээд дотроо төсөөлцөн байгаа. Энэ бол супер тулаан болох нь ойлгомжтой. Тэгээд 7 сард UFC200 дээр Жосе Алдо-Конор МакГрегор 2-ыг л тулалдчаасай гэж их хүсч байна даа. Энэ 2 тулааныг л одоо их хүсч байна.

Танд хамгийн мартагддаггүй сэтгэлд хоногшсон UFC-ийн ямар тулаан байдаг вэ?

-Сэтгэлд хоногшсон тулаан гэвэл одоогоор 2 тулаан байна. Эхнийх бол Андерсон Силва-Крис Вайдманд хожигдсон тулаан байдаг. Тэр үед Андерсон Силва дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, холимог тулааны ноён оргилд гарчихсан байсан. Надад хүрэх тамирчин байхгүй бол би одоо ер нь зодог тайлна гэсэн зүйлийг ярьж байх үед хэний ч танихгүй Крис Вайдман гэж даруухан залуу гарч ирээд цохиод унагаацан. Тэр тулааныг би хэзээ ч мартдаггүй. Саяхан Холли Холм-Ронда Роузи нарын тулаан бас мартагдашгүй тулаан боллоо. Ронда Роузиг оргилд байх үедХолли Холм гэгч бүсгүй 1-р үед хөлийн хүнд цохилтоор буулгаж авсан. Энэ 2 тулаан бол миний санаж байгаагаар ойрын үед болсон хамгийн мартагдашгүй тулаан.

UFC 199 Рокхолд-Вайдман2 тулааныг хэрхэн харж байна. Бага зэрэг анализ хийвэл...

-Энэ тулаанд Лук Рокхолд 2 юмуу 3-р үед л төвөггүйхэн ялалт байгуулах болов уу гэж харж байгаа. Эхний тулаан дээр 2 тулаанч бие биенийхээ арга барилыг маш сайн судалж байж тулалдсан. Крис Вайдман арга барилын хувьд Лук Рокхолдод арай л очихооргүй байна лээ. Би бодохдоо 2 зүйлээр л дүгнээд байгаа юм.

1. Хоёр тулаанчын тал зөрж байна

2. Вайдманы хэвтээ болон босоо техник нь дутуу харагдсан

3. Багийн хувьд дутуу байна

Рокхолдын босоогоос тулалдах чадвар нь дандаа өөрөөсөө том биетэй шилдэг залуучуудтай бэлтгэл хангаж байдагтай нь холбоотой. Даниел Кормиер, Кэйн Веласкез, Хабиб Нурмагомедов зэрэг бүх аваргууд багт нь байна. Эд нартай барилдаад цуг бэлтгэл хангаад дээрээс нь кикбоксын дэлхийн аваргууд Сан-Франциско хотод ихээр очиж бэлтгэл хийдэг гэж байгаа. Тэгэхээр ийм том баг (American Kickboxing Academy) дээр байнга бэлтгэл хийгээд тактик боловсруулаад байж байгаа тамирчинд бол маш их давуу гарч ирж байгаа юм.

Сүүлд тайлбар дээр UFC-г зодоон гэхүү тулаан гэхүү гээд асуудал өрнөж байсан. Энэ талаар юу гэхээр болов?

-Энэ тал дээр гаднаас хуулчих гэхээр зодоон болчих гээд байгаа юм. Америкчууд бол албаар зодоон гээд түүнээсээ кайф аваад байх шиг санагдаад байдаг юм. Монголчууд маань Америкчуудыг бодвол сэтгэхүй нь ондоо ард түмэн л дээ. Заавал зодоон гэхгүйгээр юмыг байнга эерэг талнаас нь харж явж байдаг. Тулаан гэж хэльяаа, энэ нь илүү чихэнд сонсголонтой байна. Зодоон гэдэг нь гудамжинд 2 хүн зодолдохыг хэлнэ, тулаан гэдэг нь 2 тамирчин хоорондоо тулахыг хэлнэ гээд л хүмүүс бол аль алинаар нь ойлгож байгаа. Шууд нэвтрүүлгээрээ бол тулаан гээд явна. Миний хувийн бодлоор бол 2 хүн хоорондоо зодолдож л байгаа юм л даа.

Монголд анх удаа Cardio MMA Холимог тулааны жим үүсгэн байгуулсан. Ач холбогдол ихээр өгч байгаа байх....

-Холимог тулааны анхны гэх юм бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний өмнө Шандас дожо, Ширэн бээлий 2 бол Холимог тулааны чиглэлээрээ тамирчдаа бэлтгэл сургуулилт хийлгээд үүд хаалгаа нээцэн байсан. Би бол 3 дахь нь гэж бодоод байгаа. Cardio MMA fitness хувьд юугаараа онцлогтой вэ? гэхээр энгийн хүмүүст илүү нээлттэй болж өгснөөрөө онцлог. Сонирхсон ямар ч насны хүн ирж хичээллэх боломжтойгоос гадна бусад оронд байдаг шиг питнесстэйгээ хосолсон гэдгээрээ давуу талтай. Бусаджим, дээр дурдсан 2 зэрэг бол саяхнаас л тийм болж эхэлснээс гадна илүү тамирчид бэлдэх зорилготой, бэлтгэл сургуулилт нь ч гэсэн тамирчин гаргаж ирэх тал дээр түлхүү чиглэсэн байдаг.

UFC үзэгчид Монголд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Цаашдаа гаргасаар байхуу, гаргахад хүндрэлтэй зүйл байна уу?

-UFC олон үзэгчидтэй болох тусмаа цаашаа явна. Олон үзэгчид үзээд Монголчууд жүдо үздэг шиг олуулаа болчихвол заавал тэгж төлбөртэй гаргаад байх шаардлага байхгүй. С1 ч юмуу телевизээр UFC-гээ гаргаад харин төлбөрөө ивээн тэтгэгч нараасаа олоод явах боломжтой. Үнэ ханшын хувьд жилийн 400-500 мянган доллар байдаг. Одоогийн нөхцөл байдалд бол тэгэх боломж бололцоо нь байхгүй байна л даа. Ер нь бол одоогоор SPS-ээр гаргаад тогтвортой явъя гэсэн бодолтой байна. Цаашдаа яаж өөрчлөгдөхийг бол хэлж мэдэхгүй байна. Энэ спорт болон телевизийн контентоос бол би нэг хэсэгтээ холдохгүй. Энэ спортыг хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэсэн зорилготой байна. Монгол даяараа энэ спортоо хүндэлж үздэг, шөнө оройгүй шимтэн үздэг болгохын тулд цаашдаа явсаар байх болно.

Цаашдаа Холимог тулаанаар төлөвлөж байгаа ямар ямар ажлууд байна?

-Тун удахгүй бид өөрсдийн гэсэн албан ёсны бүрэн тоноглогдсон Холимог тулааны клуб нээх гэж байна. Клуб гэдэг маань яг тамирчнаа бэлдээд дээшээ олон улсын түвшинд гаргадаг байх ёстой. Энэ маань тэгээд наадмаас өмнө нээгдэх байх. Бидэнтэй маш олон, албан байгууллага хамтран ажиллаж байгаа. Тэгээд тухайн цаг үед нь бид телевиз, сошиал мэдиагаар мэдээлээд явах болно. Бас Реалити шоу зохион байгуулах зорилготой байна. Тэрийг бид нар шинэ клуб дээрээ хийх болно. Учир нь клуб маань Octagon-тэй учир шоугаа тэнд зохион байгуулна. Тийм учраас клуб нээснийхээ дараа бид нар тулааныхаа нэвтрүүлгийн зараа түгээгээд тамирчдаа шалгаруулж авна. Одоохондоо бол энийг л хэлий бусад зүйлийг задалмааргүй байна.

Баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье?

-За баярлалаа.Танай сайтын хамт олонд ч гэсэн амжилт хүсье.

Ярилцсан : Г.Баярцогт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ