Плей-оффын эрхийн төлөө өрсөлдлөө
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд үргэлжилж байна. өчигдөр СТО-д хоёр тоглолт боллоо.
Төв Ургац-Сентоза Ирвэсүүд 119:89
Улирлыг амжилтаараа тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон “Төв Ургац” энэ тулаанд төдийлэн ач холбогдол өгсөнгүй. Тэд гол тоглогчид болох К.Жонес, Режис, Ц.Ганболд, Д.Мөнхтөр сэлгээнд суулган Чинбаатар, Тамжид, Бат-Эрдэнэ, Билгүүн дөрвийг Д.Дэлгэрнямын хамт гараанд гаргав. “Ирвэсүүд”-д хожил чухал учир үндсэн тоглогчдоо тоглолтын эхнээс тоглуулсан юм. Улмаар нэгдүгээр үед Т.Санчир тэргүүтэй “Ирвэсүүд”-ийн залуус сайн тоглолтоо үзүүлэн 26:18-аар илүүрхэв. Хоёрдугаар үед “Ирвэсүүд” тэргүүллээ улам баталгаажуулан 12 оноо болголоо. Эхний хагаст Т.Санчир сайн тоглож 17 оноо авсан бол “Төв Ургац” Д.Дэлгэрням, Тамжид нар үүргээ сайн биелүүлсэнийг дурдах нь зүйтэй болов уу. Гуравдугаар үед “Ургац”-ын дасгалжуулагч Эрдэнэпүрэв гол тоглогчдоо талбайд гаргасан нь “Ирвэсүүд”-ийг багагүй сандаргаад авлаа. Энэ үеийн дараа тооны харьцаа 83:75 байсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Ирвэсүүд” Т.Санчирыг суулган Брьювер, Цэвэлдорж, Дорж-Арилд, Эрдэнэдалай, Андерсон гэсэн тавтыг гаргасан нь маш зөв шийдвэр байлаа. Дөрөвдүгээр үеийн эхнээс “Ирвэсүүд”-ийн хамгаалалт төгс ажиллаж, довтолгоо тун чанартай явж байв. Улмаар тэд өрсөлдөгчөө 119:89-ээр буулган авч, улирлын 11 дэх хожлоо авлаа. “Ирвэсүүд”-ийн тоглолтоос нэг зүйл ажиглахад Т.Санчир Майк Андерсон хоёул хамт талбайд байвал сайн үр дүн гарахгүй бололтой. Т.Санчир багийнхан тоглолт нь бага зэрэг унахад бусадыгаа загнан уурлаж, хэт их шатаж тоглолтоо алдаж байлаа. Мөн Майк Андерсон гурвын зураасны гадна их зогсож байгаа багийн хувилбарыг их нураах юм. Тус тоглолтод Андерсон 24, Брьювер 21, Т.Санчир 20, Дорж-Арилд 18, Цэвэлдорж 14 оноо тус тус авчээ. Харин “Төв Ургац”-аас Тамжид 19, Жонес 14, Д.Дэлгэрням 11 оноо тус тус авсан юм. “Ирвэсүүд” улирлын сүүлийн тоглолтоо маргааш “Харцага”-тай хийх бол “Төв Ургац”, “Дархан Гарьд”-тай нүүр тулна.
“Их Өргөө Аравтууд”-“Мон-Алтиус Смарт” 99:93
Өчигдрийн хамгийн оргил бас шийдвэрлэх тулаан. Хожсон баг нь плей-оффт өрсөлдөх эрхээ шууд авах байсан тул хоёр баг тоглолтын эхнээс бүх хүчээ дайчилсан юм. Тэнцүүхэн эхэлсэн тоглолтын эхний үе өндөрлөхөд тооны харьцаа 24:20, “Смарт” дөрвөн оноогоор илүү гарчээ. Нэгдүгээр үед “Смарт”-аас А.Гансүх тун сайн тоглож, найман оноо авсан бөгөөд тэр хамгаалалтад “Аравтууд” лидер Д.Мөнхтүвшинг тун давгүй хамгаалж байв. Хоёрдугаар үед “Смарт” тоглолтын хэмнэлээ алдалгүй урагшилсаар. Харин “Арватууд” хамгаалалт, довтолгоо бүрэн ажиллаж чадахгүй байлаа. Өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин төдийлэн сайн тоглож чадсангүй. Улмаар эхний хагасыг “Смарт” 52:44-өөр дуусгалаа. Хоёрдугаар үед “Смарт”-аас Моррис сайн тоглосон юм. Гуравдугаар үед “Смарт” энэ тэргүүллээ хадгалж чадсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээ үеийн дунд хэсэгт “Смарт” гол тоглогч А.Гансүх зургаа дахь алдаагаа гарган талбай чөлөөлөв. “Аравтууд”-ын Д.Мөнхтүвшин “Смарт” тоглолтын турш сайн хамгаалсан хүн нь А.Гансүх байсан юм. Нэгэнт түүнийг тоглолтоос гаргаж чадсан тул Д.Мөнхтүвшин дайралтаа эхэллээ. Гэхдээ “Смарт”-ын Моррис багаа чирсээр хожил хөтөлсөн юм. Түүнд Ц.Мэргэний туршлагатай тоглолт, Э.Цэрэнбаатарын будагтай талбайд сайн тэмцэлддэг тоглолт тус хүргэснийг дурдах нь зүйтэй. Ийнхүү “Смарт” өрсөлдөгчөө 99:93-аар буулган авч, плей-оффын эрхээ өвөртлөж байна. Тус тоглолтод Моррис 31 оноо, 11 самбар авав. Мөн А.Гансүх 18 оноо, долоон оновчтой дамжуулалт, зургаан самбар, Ханкерсон 13 оноо тус тус авлаа. Харин “Аравтууд”-аас Д.Мөнхтүвшин 23 оноо авсан бөгөөд үүнийг 13-ыг нь зөвхөн дөрөвдүгээр үед авчээ. Жэксон 21, Өрнүүнбилэг 18, Калдвелл 15 оноо авсан юм. Хоёр багийн үзүүлэлт тун ойролцоо байсан бөгөөд ганцхан бөмбөг таслалтаар “Смарт” илүүрхжээ. Тэдний хожлын үндэс нь эхний гурван үед Д.Мөнхтүвшинг тун сайн хамгаалсан А.Гансүхийн хамгаалалт байсан гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ