“Рио Тинто” Оюутолгойг гадныхантай хувааж идэх нь
Ер нь Оюутолгойн хэрүүл юунаас үүдэн гарсан бэ. Гадныхан болохоор монголчуудын туйлбаргүй зан, Засгийн газрын бодлого зэргээс болж хөрөнгө оруулагчид жийрхэж байна гэдэг. Энэ нь зарим талаар үнэний ортой ч ингэхээс өөр арга байхгүй гэхэд болно. Угаасаа он гарсаар Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэтэрсэн, мөн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын өртөг нэмэгдсэн нь манайд ирэх орлогыг үлэмж бууруулах нь тодорхой болсныг “Рио Тинто”-д дуулгасан. Яг үнэндээ үүнээс болж, өнөөдрийн маргаант байдал үүссэн. Бүр нарийн ярих юм бол “Рио Тинто”-гийн хэлснээр замнавал Монгол Улс өр төлсөөр байгаад Оюутолгойн нөөцийг барна гэж толгой эдийн засагчид хэлсээр байгаа юм.
Гэхдээ тавдугаар сарын эхэнд Оюутолгойн маргааныг эвээр шийдсэн учраас зургаадугаар сарын дундуур олон улсад бүтээгдэхүүн гаргана гэж Сэм Валш мэдэгдлээ. Харин энэ талаар манай Засгийн газрын зүгээс юу ч дуугараагүй. Хамгийн гол нь “Рио Тинто” дэлхийн томоохон банкуудаас 2.5 тэрбум ам.доллар босгох гэж байгааг олон улсын агентлагууд шуугиж эхлэв. Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалтаа хэтрүүлсэн шалтгааныг тайларлаагүй байж, дахин мөнгө босгох нь. Энэ асуудал одоо нэгэнт тодорхой болсон.
Ер нь Оюутолгойн гүний уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулахад 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн. Одоогоор тус корпораци 14 зээлдэгчтэй болжээ. Цаашид ч нэмэхээр хөөцөлдөж байна. Ямартаа ч дэлхийн хэмжээний 10 том банк тус бүр 50-250 сая хүртэл ам.долларын санхүүжилт хийх бололцоотой гэдгээ мэдэгджээ.
Санхүүжилт хийх банкуудын тоонд “BNP Paribas”, “Standart Chartered bank” зэрэг томоохон банк орж байна. Тэд нийт санхүүжилтийнхээ 60 хувийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банкаар, харин үлдсэнийг нь Улс хоорондын хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын агентлагаар дамжуулахаар болжээ.
“Sydney Morning Herald”-д Австралийн Экспортын санхүүжилт, даатгалын корпораци “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулна гэсэн байна. Нэг үгээр одоо Оюутолгойд гадны томчууд бүгд оролцох боломжтой болсон. Мөн Австралийн “ANZ”, “NAB” зэрэг арилжааны банкууд мөнгө зээлнэ гэж байгаа.
Үүнээс гадна АНУ-ын “Экспорт-Импорт” банкны Захирлуулын зөвлөл “Оюутолгой” төсөлд 500 сая ам.долларын зээл олгохыг дэмжсэн байна. Энэхүү зээлийг олгосноор АНУ-д 2000 ажлын байрыг дэмжих боломжтой гэнэ. Тус банкны Ерөнхийлөгч Фрэд Хочбэрг “Уг хэлэлцээр нь ганц ажлын байраар зогсохгүй АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөс гадна Монголын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд шууд нөлөөлнө. Энэ том төсөлд АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэснээр Аризона, Колорадо, Иллинойс, Техас зэрэг мужид мянгаар тогтохгүй ажлын байрыг дэмжих боломжтой” хэмээн мэдэгджээ.
Эндээс нэг гаргалгаа хийж болно. Саяхан олон улсын санхүүгийн байгууллагууд Оюутолгой ордын үнэлгээг 310 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн юм. Энэ нь цаашид өсөн нэмэгдэх боломжтой. Учир нь нөөцийг хэмжээг бүрэн тогтоогоогүй байгаа. Гэтэл “Рио Тинто”-гийн “буян”-аар монголчууд гадны хамаг баячуудтай Оюутолгойг хувцаалцахаар боллоо. Бас тэдэнд төлөх өрийг ч нуруундаа үүрэлцэнэ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ