Б.Билгүүн багаа хожилд хөтөллөө

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугааар тойргийн тоглолт өндөрлөх дөхсөөр. Энэ үед багуудад хожил ус агаар мэт хэрэгтэй байгаа. Өчигдөр СТО-д хоёр тулаан боллоо.

SBL Хасын Хүлгүүд-Мон-Алтиус Смарт 117:105

Багийн лидер тоглогчдын нэг Дархантөгсийг гэмтсэнээс хойш дорвитой амжилт үзүүлж чадахгүй байгаа “Смарт” плей-оффын байрлалаас доош унахгүй нь төлөө лигийн хүчирхэг баг “Хүлгүүд”-ийг заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулсан. Тэд ч үүнийг ухаарч тоглолтын эхнээс “Хүлгүүд”-тэй ширүүн өрсөлдсөн бөгөөд эхний үеийг 27:23-аар дуусгаж дөрвөн онооны давамгайлалыг олж авлаа. Гэхдээ хоёрдугаар үед “Хүлгүүд”-ийн Б.Билгүүн, Н.Золжаргал нар шилдэг тоглолт үзүүлж, онооны зөрүүг арилгав. Улмаар эхний хагаст “Хүлгүүд” 56:55-аар нэг оноогоор илүү гарлаа. Нэг, хоёрдугаар үед Б.Билгүүн 21 оноо авч талбайд гарсан бүх тоглогчдыг тэргүүлсэн бол эсрэг багаас А.Гансүх 13, Моррис 11 оноо авчээ. Гуравдугаар үе тэнцүүхэн эхэлсэн Н.Золжаргал гурван онооны шидэлт багаа сэргээж, “Хүлгүүд” зургаан оноо(82:76)-гоор тасарлаа. О.Баярцогтын залуус эл тэргүүллээ дөрөвдүгээр үед улам баталгаажуулснаар өрсөлдөгчөө 117:105-аар буулган авч улирлын ес дэх хожлоо байгуулан, хүснэгтийн дөрөвдүгээр байрт дэвшлээ. Багийн үзүүлэлтийг харвал “Хүлгүүд” чөлөөт шидэлтийг 72 хувьтай гүйцэтгэжээ. Харин “Смарт” багаараа чөлөөт шидэлтийг 67 шидсэн аж. Хоёр багийн довтолгооны хувь ойролцоо байсан бөгөөд “Хүлгүүд” 42 хувьтай, “Смарт” 38 хувьтай довтолсон байна. Тэгвэл бөмбөг алдалтыг “Смарт” 32 удаа хийсэн хожигдох нэг шалтгаан болсон гэлтэй. Харин “Хүлгүүд” 24 бөмбөг алдалт тоглолт турш хийжээ. Тус тоглолтод Б.Билгүүн 28 оноо, долоон самбар авч багаа хожилд хөтөлсөн бол Корбин 26, Н.Золжаргал 26, Харрис 13 оноо, 12 самбар тус тус авсан юм. “Смарт”-аас А.Гансүх 27 оноо, 10 самбар, Моррис 22 оноо, найман самбар, Ханкерсон 19 оноо тус тус авсан байна. “Смарт” одоогоор 7 хожил, 11 хожигдолтой хүснэгтийн сүүл мушгиж явна.

Их Өргөө Аравтууд-Дархан Гарьд 124:103

Хоёрдугаар тойрогт тааруухан амжилттай явсан “Их Өргөө Аравтууд” плей-оффын төлөөх дайралтаа нэгэнт хийгээд эхэлжээ. Тэд лигийн шилдэг багуудын нэг “Дархан Гарьд”-тай учраа таарав. Тоглолтын эхнээс “Аравтууд”-ын легионер Жэксон довтолгоонд тун идэвхтэй байж зөвхөн нэгдүгээр үед 13 оноо авсан юм. Түүний сайн тоглолтын ачаар “Аравтууд” эхний үед 31:21-ээр давамгайлсан. Өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшинийг довтолгоонд “Гарьд”-ын хамгийн жижиг тоглогч А.Жонес хамгаалсан нь сайн үр дүн авчирсан. Мөнхтүвшин түүний эсрэг дураараа оноо авч байлаа. Хоёрдугаар үед “Дархан Гарьд”-аас бага зэргийн бэртэлтэй байгаа А.Тэмүүжин сайн тоглосон ч бусад тун хангалтгүй байлаа. Улмаар эхний хагаст 56:47-гоор “Аравтууд” илүүрхсэн. Гуравдугаар үед “Дархан гарьд”-ын довтолгоо давгүй байсан ч хамгаалалтаа тун тааруу ажилласан юм. Энэ боломжийг “Аравтууд”-ын лидер Д.Мөнхтүвшин ашиглан зөвхөн гуравдугаар үед 11 оноо авлаа. Улмаар баг нь есөн онооноогоор тэргүүлж 18 болгон холдуулсан юм. Сүүлийн 12 минутын эхэнд “Гарьд” тоглолтоо сэргээх гэж зүтгэсэн ч тусыг эс олов.

Ийнхүү “Аравтууд” хүчтэй өрсөлдөгчөө 124:103-аар буулган авч, улирлын найм дахь ялалт байгуулж, плей-оффын зургадугаар байрт бичигдэж эхэллээ. “Аравтууд” бүх үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө илүү тоглосон нь тэднийг хожилд хүргэсэн юм. Тэд багаараа 49 хувьтай довтолж, 56 самбар авч, 32 оновчтой дамжуулалт өгчээ. Харин “Гарьд”-ууд 41 хувьтай довтолж 46 самбар авч, 21 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн тэд гурван онооны шидэлтийг дөрвөн үеийн турш 37 удаа гүйцэтгэж ердөө 10-ыг нь цагаригт оруулжээ. Тус тоглолтод Д.Мөнхтүвшин 32 оноо, найман оновчтой дамжуулалт өгч сайн тоглов. Ер нь түүнийг талбайд байхад баг илүү үр дүнтэй тоглож байсныг онцлох нь зүйтэй болов уу. Түүнд Калдвелл 30 оноо, найман самбар, Жэксон 17 оноо, С.Өрнүүнбилэг 14 оноогоор тусалжээ. Харин “Дархан Гарьд”-аас А.Жонес 30 оноо, есөн самбар 10 оновчтой дамжуулалт, А.Тэмүүжин 25 оноо, Б.Мөнхболд, О.Нямбаяр, Ж.Ричард нар тус бүр12 оноо авсан байна. “Гарьд”-ууд есөн хожил, 10 хожигдолтой хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ