Ченжийг орцонд нь зодож, алтан гулдмайнуудыг нь дээрэмдсэн хэрэг гарлаа

-НИЙТ 150 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН АЛТ БАЙЖЭЭ-

-ХОНОГТОО 3-5 ДЭЭРМИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЭХ БОЛЖЭЭ-

Дээрмийн гэмт хэргийн золиос болж, эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирч үлдэж буй жирийн иргэдийн тоо дийлдэхээ байсан талаар албаны эх сурвалж мэдээллэж байна. Өөрөөр хэлбэл дээрмийн гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн үзүүлэлттэй гарч, цагдаагийн байгууллагад хоногтоо 3-5 дээрмийн хэрэг бүртгэгддэг болжээ. Тиймээс иргэдийгганц хоёроороо шөнө оройн цагаар явахгүй байх, харанхуй орц хонгилоор явахгүй байх, ар гэрээсээ хүн дуудах зэрэг өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч байх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Бид дээрмийн гэмт хэрэг бүрийг мэдээллэж чадахгүй боловч иргэн бүрийг сонор сэрэмжтэй байхыг сануулах үүднээс дээрмийн хэргийн нэгэн тохиолдлыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу бидний мэдэх “Баянмонгол” хороололд оршин суудаг, 37 настай, иргэн Д өнгөрсөн ням гаригийн шөнө 01:30 цагийн үед гэр лүүгээ орж яваад, орцныхоо гадаа хадлагад өртжээ. Дээрэмчид түүний нүүр лүү цохиж, хөлийг нь хавсарч унагаад, ногоон өнгөтэй цүнхийг нь аван зугтсан байна. Цүнхэнд нь цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байсан талаар хохирогч Д цагдаагийнханд мэдүүлжээ.

Дээрх этгээдүүд нь 25 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, өндөр нуруутай, гонзгой царайтай, хар хувцастай байсныг цагдаад дүрслэн мэдээллэсэн байна. Монголбанкны ханшаар өнөөдөр нэг грамм алт 80 орчим мянган төгрөг. Тэгэхээр дээрх алт нийт 150 орчим сая төгрөг гэсэн үг юм. Уг газар азаар камертай байсан бөгөөд гэмт этгээдүүдийн царай бичигдэн үлджээ. Одоо хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

-ДЭЭРЭМЧИД МИНИЙ МАШИНЫ ХАВИАР ЭРГЭЛДЭЭД БАЙСАН ГЭСЭН-

Тус байранд оршин суух нэгэн иргэнээс цөөн зүйл тодрууллаа.

-Баянмонгол хорооллын хамгаалалтын алба, камержуулалтын систем оршин суугчдаа хэр найдвартай хамгаалж чадаж байна вэ?

-Уг нь гайгүй л байдаг байсан. Сүүлийн үед хулгай, дээрмийн хэрэг их гардаг болсон юм шиг байна. Саяхан бас нэг айлд хулгай орсон гээд цагдаа нар ирж харагдсан. Камержуулалт, хамгаалалтын алба байгаа ч гэсэн гэмт этгээдүүд хэргээ гүйцэлдүүлж байвал бусад нь хамаагүй болсон юм уу даа.

-Танай байрны гадна дээрэмдүүлсэн иргэний талаар та сонссон уу?

-Сонссон. Алтны ченж дээрэмдүүлсэн юм гэсэн. Өглөө намайг ажилдаа явах гээд гарч ирэхэд манаач миний машиныг хэний нэр дээр байдаг гэдгийг бүртгэлжүүлж бичиж авсан. Зогсоол олдохгүй болохоор нь хүмүүсийн орж гардаг байрнуудын дундах зайнд тавьчихсан. Гэтэл тэр дээрэмчид миний машины хавиар нэлээд олон удаа эргэлдээд байсан нь камерт бичигдсэн юм билээ. Тэгж л би хүн дээрэмдүүлсэнийг мэдсэн. Одоо ер нь гэр орондоо ч тайван орж гарч болохгүй хэцүү цаг болж. Ард иргэддээ болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ