Орон орны эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөдөг хачирхалтай арга
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөлөөс бий болдог гэж судлаачид үздэг. Хэдийгээр хүүхдийн оюун ухааны хөгжлийг сургалт хүмүүжлээр тэлдэг боловч хүн чанар, сайхан сэтгэл, ааш зан, бие хүний төлөвшлүүд эцэг эхээс тодорхой хэмжээгээр өвлөгддөг билээ.
Аливаа ард түмэнд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх харилцан адилгүй уламжлал, шилэгдмэл арга байдаг. Тэгвэл одоо танилцуулах гэж буй хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх аргууд нь тун хачирхалтай басхүү тэдгээр улсын иргэдээс өөр хэн ч “хэвийн” гэж хүлээж авахааргүй тохиолдлууд юм. Гэхдээ л энэ нь манай эцэг эхчүүдэд тодорхой хэмжээнд сургамж, туршлага болох биз ээ.
-Норвеги хүүхдүүд хасах хэмийн хүйтэнд унтдаг-
Норвегичууд хүүхдийн маш нарийн “зохион байгуулалт”-тай өсгөдөг гэхэд болно.Нэг нас хүрмэгц нь төрөөс санхүүжүүлдэг цэцэрлэгт явуулж эхлэдэг байна. Эцэг эхчүүд цэцэрлэгийн төлбөр болгож сард багахан хэмжээний доллар төлдөг бөгөөдөглөөний найман цагаас оройны таван цаг хүртэлх есөн цагийг хүүхдүүд цэцэглэг дээрээ өнгөрөөдөг.
Хамгийн хачирхалтай нь эдгээр багачууд цэцэрлэгийнхээ ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг байна. Ингэхдээ бүр хасах хэмийн хүйтэнд шүү. Скандинавын өвлийн улиралд бага насны хүүхдүүдийг гадаад хэсэг хугацаанд дугхийлгэх нь тийм ч содон үзэгдэл биш гэнэ.
-Вьетнам эцэг эхчүүд хүүхдээ 9 сартайгаас нь эхэлж суултуурт суулгаж сургадаг-
Вьетнам эцэг эхчүүд хүүхдээ бие засуулахдаа өвөрмөц маягийн исгэрэх чимээ гаргадаг гэнэ. Тэд энэхүү зуршлыг хүүхэддээ багаас нь суулгадаг бөгөөд исгэрэх чимээнээр хүүхдүүд бие засаж заншдаг аж. Мэдээж хүүхдүүд бие дааж бие засах хүртэл эцэг эх нь тусалдаг байна. Магадгүй зарим хүмүүст хачин санагдаж болох ч энэ зуршлын үр дүнд вьетнам хүүхдүүд есөн сартайгаасаа памперс хэрэглэхээ больж, суултуурт сууж сурсан байдаг аж.
-Кисийчүүд хүүхдээ чимээ гаргахыг хүлцдэггүй-
Кени улсын Кисий үндэстнүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга тун сонин. Тэд хүүхдээ хаана ч явсан өөрөөсөө холдуулдаггүй хэдий ч хүүхдийнхээ шулганахыг сонсмогч ээжүүд нь харцаа буруулдаг аж.
Барууны соёлд энэ нь хатуу чанга мэт санагдаж болох ч Кисийчүүдийн энэхүү соёл нь зарим талаараа зөв ч байж болох талтай. Учир нь тэд хоёр хүн харц тулж, харилцаа тогтоох нь хүчирхэг, чухал зүйл гэж үздэг байна. Тиймээс тэд хүүхдүүдээ анхаарал татаж, харилцаа тогтоохуйц хангалттай хүчирхэг биш гэсэн санааг илэрхийлэхийн тулд ийнхүү харцаа буруулдаг байна. Судлаачдын хэлж буйгаар ингэж өссөн Кисий хүүхдүүд тэр бүр эцэг эхээсээ халамж анхаарал шаардаад байдаггүй, бие даасан хүн болж өсдөг гэнэ.
-Даничууд дэлгүүр хэсэхдээ хүүхдээ хашлаганы хажууд орхидог-
Дани эцэг эхчүүд хооллох юмуу дэлгүүр хэсэхдээ хүүхдээ замын хажуугийн хашлаганы хажууд орхидог гэнэ. Тэд хүүхдээ гадаа орхих нь цэвэр агаар амьсгалах, эрүүл чийрэг өсөхөд нь эерэгээр нөлөөлдөг хэмээн боддог аж.
Данид энэ нь хэвийн үзэгдэл байж болох ч гадны орнуудад байж боломгүй үйлдэл юм. Нью-Йорк хотод нэгэн хосууд бага насны хүүхдээ “BBQ” рестораны гадаа орхиж явсныхаа төлөө баривчлагдаж байсан тухай “Нью-Йорк Таймс” сонинд бичжээ. Тэдний нэг нь дани хүн байсан гэнэ.
-Полинезийн аралд хүүхэд хүүхдээ өсгөдөг-
Энэ нь айлын том хүүхэд бяцхан дүүгээ асардаг асуудал биш юм. Харин өсөж яваа багачууд хэрхэн зохион байгуулалтад орж нэгнийгээ хардаг тухай ойлголт билээ. Полинезийн арал дээр амьдардаг хүүхдээ хөлд ормогцоо бусад хүүхэддээ халамж, анхаарал тавьж эхэлдэг байна. Хүүхдүүд бүр багаасаа бусдад зааж, бусдаас суралцаж ирсэн учир хамаагүй бие даасан нэгэн болж өсдөг. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүд нярай хүүхдийг хэрхэн тайвшруулахыг хүртэл сайн суралцсанбайдаг ажээ.
Жэйн, Жеймс Ричи хэмээх эхнэр нөхөр антропологичид Шинэ Зеланд, Полинезийн арлуудын энэхүү туршлагыг олон жил ажиглаж, судалгаа хийжээ. Гэхдээ соёлын онцлог, хүүхдийн эрхийн талаарх ойлголтоос үүдэн энэ аргыг бусад оронд хэрэгжүүлэх бараг боломжгүй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
-Япон хүүхдүүд 4 наснаасаа гадуур ганцаараа явж эхэлдэг-
Япон эцэг эхчүүд хүүхдээ тодорхой насанд хүрмэгц нь бие даалгаж эхэлдэг. Тэр бүү хэл 4-7 настай хүүхдүүд гадуур ганцаараа гарч, метронд сууж явах нь элбэг байдаг. “Parenting Without Borders” номын зохиолч Кристин Гросс-лох жилийн хэдэн сард Япон амьдардаг бөгөөд орчин тойрноо танин мэдэх, бие даалгуулж сургахын тулд хүүхдээ ганцаараа гадагшаа гарахыг зөвшөөрдөг хэмээн бичжээ.
Гэвч тэр Америкт байвал хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй хэмээн ярьсан байна. “Америкт намайг хүүхдээ ганцааранг нь явуулж байгааг харвал маш сонин хүлээж авна. Магадгүй зарим хүмүүс Хүүхэд хамгаалах үйлчилгээг дуудах байх” гэжээ.
-Испаничууд хүүхдээ эрт унтахыг зөвшөөрдөггүй-
Коннектикутын Их сургуулийн Хүний хөгжил ба гэр бүл судлалын тэнхимийн профессор Сара Харкнессийн хэлж буйгаар, Испаничууд хүүхдийн хөгжилд хүмүүс хоорондын болон нийгмийн харилцаа чухал үүрэгтэй хэмээн итгэдэг байна.
Хэрэв хүүхэд нь оройн 06:30 цагт орондоо орохоор явбал харийн хүнээс өөрцгүй үйлдэл гаргасанд тооцдог гэнэ. Тэд хүүхдээ 22:00 цагт унтуулдаг бөгөөд тэр хүртэл гэр бүлийн амьдралд идэвхтэй оролцох ёстой гэж үздэг. Аргентинчууд ч бас үүнтэй адил зарчмаар хүүхдээ өсгөдөг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ