Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ

-Эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн гэх этгээд ганц бие нэгэн байжээ

Сүхбаатар дүүргийн XI хороонд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарч, олныг цочирдуулаад байна. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт орших таван давхар барилгын нэг давхарт байрлах гутал засварын газраас шуудайнд хийсэн нэгэн эмэгтэйн цогцос энэ сарын 6-нд олдсон байна. Эл хэргийг манай сурвалжлах групп нэхэн сурвалжиллаа. Ингээд бид мэдээллийн мөрөөр хэргийн газар дээр очиж, гэрчүүд болон ойролцоох иргэдээс тодруулга авсан юм.

Хэрэг энэ сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн XI хороо буюу 32-ын тойрог руу явах шинэ зам дагуух таван давхар тоосгон байранд байрлах “Ozone” шөнийн клубын дэргэдэх гутал засварын газарт гарчээ. Энэхүү барилга нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн төрсөн ахын эзэмшлийнх гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж, улмаар цогцсыг нь мөчилж шуудайнд хийсэн хэрэгт Э гэх залууг сэжигтнээр татжээ. Э нь тус барилгын нэг давхарт гурван жилийн өмнөөс гутал засвар ажиллуулж эхэлсэн байна. Тус барилгад одоогоор “Ozone” шөнийн клуб болон Э-ийн гутал засварын газраас өөр үйлчилгээ байхгүй аж.

-Сэжигтэн этгээд зугтаж, ахыг нь саатуулсан гэв-

Хэрэг гарахаас 14 хоногийн өмнө “Ozone” шөнийн клубын үүдний амбаарыг нурааж дуусаад, ажлаа хийж байгаа талаараа сэжигтэн Э ойрын танилдаа ярьж байжээ. Энэ талаар сэжигтэн Э-г багаас нь таньдаг байсан гэх иргэн Д “Бид хоёр одоогоос 14 орчим хоногийн өмнө тааралдсан юм. Э ажлаа хийгээд л явж байна гэж байсан. Уг нь архи, дарс хэрэглэж чаддаггүй, хүнтэй их эв найртай хүн. Харахад их жижигхэн биетэй, сахарын өвчтэй хүн байсан юм. Би түүний гутал засвараар орж байнга л гутлаа янзуулдаг байлаа. Ийм харгис хэрэг хийсэн гэхээр нь гайхаж л байна. Гэхдээ Э-г зугтаад явчихсан. Тиймээс ахыг нь цагдаа нар цагдан хорьсон талаар сонслоо” гэв.

-Сэжигтэн этгээд гутал засварын газар ажиллуудаг байжээ-

Мөн өөр нэг эх сурвалж “Хоёр хоногийн өмнө хороо, хэсгийн цагдаа нар ирээд хэрэгтнийг бариагүй байгаа талаараа хэлж байсан. Ахыг нь саатуулсан гэж сонссон. Энэ барилгыг ах дүүгээрээ нийлж барьсан юм гэнэ лээ. Ах нь оффисын эзэн нь. Гэхдээ “Ozone” шөнийн клубыг хүмүүст түрээслүүлдэг гэсэн. Дүү нь гутал засварыг нь ажиллуулладаг байсан. Би нэг ч удаа түүнтэй харилцаж үзээгүй” гэсэн юм.

Түүнчлэн иргэн А “Би нэг ч удаа харьцаж байгаагүй. Хэрэг гарсан талаар саяхан сонссон. Ямартай чхөнөөсөн эмэгтэйгээ хоёр хэсэг мөчлөн, шуудайнд хийж орхиод зугтсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон. Их аймар хэрэг гарсан байна лээ. Ер нь энэ “Ozone” шөнийн клубыг хаамаар байгаа юм. Шөнийн 05.00 хүртэл ажиллана. Хэрэг төвөг ч их гардаг” хэмээлээ.

Сэжигтэн Э Яармагийн хоёр буудал орчмын нийтийн байранд ганцаараа амьдардаг байжээ.

Сэжигтэн Э-тэй ойр дотно харьцаатай байсан гэх иргэн Д-ийн мэдээлснээр тэрбээр Яармагийн хоёр буудал орчмын нийтийн байранд ганцаараа амьдардаг байжээ. Гэхдээ гэртээ тэр бүр очдоггүй, ихэнхдээ гутал засварын газартаа амьдардаг байсан гэнэ. Э ам бүл 11-үүлээ бөгөөд ээж нь Монгол, аав нь Хятад хүн байсан гэх мэдээлэл байна.

Ах дүү нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг боломжийн амьдралтай хүмүүс байдаг тухай сурвалж бидэнд мэдээллээ.

-Хувийг таарамжгүй харьцаанаас үүдэн эмэгтэйг хөнөөсөн гэж мэдүүлжээ-

Үүний дараа бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Дээрх хэрэг энэ сарын 06-ны гарч, хэргийг үйлдсэн байж болзошгүй Э гэх этгээдийг сэжигтнээр татан шалгаж байна. Манай алба хаагчид “хүний амь хохирсон байна” гэх иргэний мэдээллийн дагуу хэргийн газар дээр ажиллаж, сэжигтэн этгээдийг 24 цагийн дотор шуурхай баривчилсан. Сэжигтэн этгээд талийгаачийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн амийг нь хөнөөсөн гэж анхны мэдүүлэгтээ өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Хохирогч эмэгтэйн хувьд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг,49 настай Н гэгч байжээ. Харин сэжигтэн Э 45 настай бөгөөд талийгаачтай танилууд байсан аж. Одоогоор эл хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ