С.Оюун: Б.Булгантай нэлээд хэдэн жил холбоогүй явна
Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны гэргий Д.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд саатуулаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг С.Зориг агсны хэргийн сэжүүр илэрсэнтэй холбогдуулж баривчилсан талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат мэдээлсэн удаатай.
Тэрбээр “1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой сэжиг таамаг үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээж, шалгах сэжүүр гарсан” хэмээсэн юм.
Харин Б.Булганы ээж Д.Байгальмаа сонгууль ойртох бүрт С.Зоригийн хэргийг сэргээн шалгаж эхэлдэг нь хардлага төрүүлж байгааг хэлсэн. Мөн Б.Булганыг хэргийн золиос болохвий хэмээн айж байгаагаа мэдээлсэн билээ.
Хэдий хэрэг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа ч УИХ хяналтаа тавих үүрэгтэй.
Тэгвэл хэргийн талаар С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хэргийг илрээсэй гэж бүтэн 17 жил залбирч, хүлээж байна. Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй шалгагддаг юм билээ. Энгийн хэрэг шиг хохирогчийн гэр бүлийнхэнд мэдээлэл өгөөд байдаггүй. Үнэнийг хэлэхэд мэдээлэл хомс байна. Нэлээд хэдэн жил Б.Булгантай холбоогүй байсан. Холбогдож амжаагүй л явна. Ээжийнх нь ярилцлагыг анхааралтай уншсан.Баяр ах бид хоёр ч бас хэргийг илрүүлэх гэж байгаа бол таамгаа зөв мухарлаж, зөв шийдээсэй л гэж хүсч байгаа.Тэгэхгүй бол энэ хугацаанд олон хүнийг сэжигтнээр татаж, шалгасан ч сэжиг нь нотлогдож чадаагүй. Хэрэг илрээсэй гэж боддог ч энэ асуудалд санаа зовж байна. Хэдий хэрэг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа ч УИХ хяналтаа тавих үүрэгтэй” гэжээ.
Мөн өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хяналт тавьж, улирал тутамд хэргийг хянаж байгаа прокуроруудын мэдээллийг хаалттайгаар сонсож байх ёстой хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ