Л.Пүрэвсүрэн сайд хавтгайн шинэ төлд АСЕМ нэр хайрлалаа

2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд байрлах ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвд айлчилжээ. Тус төвийнхөн Л.Пүрэвсүрэн сайдыг монгол орны нэн ховор амьтан болох хавтгайн шинэ төлд нэр хайрлахыг хүссэн байна. Харин Л.Пүрэвсүрэн сайд АСЕМ гэж нэр өгчээ.

Ирэх 7 дугаар сард манай улсад болох АСЕМ-ын хурал бол улс орны нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаад зогсохгүй Монгол улс, монголчуудыг дэлхий нийтээрээ таних боломж олгох том хурал.Тэгээд ч дараа дараагийн олон чухал ажлын суурийг тавьсан, монголчуудыг олон юманд сургасан арга хэмжээ болж түүхэнд үлдэх чухал ач холбогдолтой. Энэ утгаараа Гадаад хэргийн сайдын хувьд АСЕМ-ийг амжилттай зохион байгуулахын тулд хамаг хүч, бие сэтгэлээ зориулахаас аргагүй. Л.Пүрэвсүрэн сайдын хувьд алс хол Алтайн өвөр говьд явж байхдаа ч АСЕМ –ийн тухай бодлоосоо салж чадахгүй байгаа нь хавтгайн ботгонд өгсөн нэрнээс нь илт харагдаж байна.

Гадаад хэргийн сайд ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвийнхөнд хэлэхдээ энэ онд монголд болох АСЕМ –ийн үйл хэрэг монгол оронд ач холбогдолтой,үнэ цэнэтэй байгаасай хэмээн бэлгэдэж, энэ охин ботгонд АСЕМ гэсэн нэр хайрлалаа хэмээн учрыг тайлбарлажээ.

Энэ охиннь үржүүлгийн төвийн анхны ботго болох “Ууган шар” хочтой 21 настай ингэнээс төржээ.Харин эцэг нь “Нэргүй шар” хочтой буур юм байна.

Мэдээлэл өгөхөд хавтгай тэмээ нь дэлхийд нэн ховорт тооцогдох монгол орны унаган, үнэт зүйл юм. Тус дархан газар анх 1987 оноос эхлэн хавтгайг тэмээний тоо толгойг өсгөх зорилгоор гаршуулан тэжээж эхэлсээр өдгөө 30 гаруй жил болжээ. Хавтгай тэмээг гаршуулан үржүүлсэн туршлага нь хос бөхт энэ зүйлийг хүний асрамжинд тэжээсэн дэлхийн анхны бөгөөд цорын ганц туршилт, судалгаа юм.

(Зургийн тайлбар: Г.Довчиндоржийн хамт. Говийн их дархан цаазат газрын дарга)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ