М.Энхболд жудаг заалаа, Н.Энхбаяр яах вэ?

Хонь, чоно болтлоо хоёр талд гарсан байсан МАН, МАХН-ын харилцаанд эерэг уур амьсгал ноёлж, эвсэх, нэгдэхийн сонголтын өмнө тулж ирлээ. Сонгуулийн өмнө угшил нэгтэй нь байтугай, үзэл баримтлал тэс өөр намууд ч эвсэж, нэгддэг нь байдаг л үзэгдэл. Гол нь энэ дулаарал цаашид юунд хөтлөх вэ гэдэг л анхаарал татах асуудал билээ.

Засгийн газарт хамтарсан цагаасаа хоёр туулай хөөсөөр өдийг хүргэсэн Н.Энхбаярыг МАН-ын дарга М.Энхболд өөрийн тойрогтоо оруулсан нь сонгуулийн өмнөх улс төрийн тоглолтоо эхлүүлэв үү гэж хардаж болохоор байгаа. Уг нь МАН-ын даргад МАХН-ын даргыг уучлахгүй байх шалтгаан олон бий. Арван жилийн өмнө буюу 2006 онд намын даргаас нь, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг нь тонгорсон гэдэг С.Баяртай нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагаж байв. Гэвч энэ явдалд МАН-ын дарга М.Энхболд өс санасангүй, жудаг заалаа. Намаа хаяад явж байсан Н.Энхбаярт буцаад ирэх үүд хаалгыг нээлээ. Яг үнэндээ өнөөдөр намд нь Н.Энхбаярыг гэх хүн ховордож, зайгаа барих нь олон болсон. Рейтинг нь мөн 2011-2012 оныхтой харьцуулшгүйгээр унасныг улстөр судлаачид сануулах болсон. Шадар сайдаар томилогдох сонирхол өчнөөн байв ч ялтай байх хугацаа нь дуусаагүйгээс энэ хүслээ 2017 оны наймдугаар сарын 1-н хүртэл хязгаарлахаас аргагүй байгаа. Энэ мэтээр тоочоод байвал МАН-ын даргад МАХН-ын даргыг шавар шалбаагаас нь чирч, түүгээр яваа гайг өөр рүүгээ ойртуулах шалтгаан байхгүй л харагдаж буй. Хүн чанар нь зулгаагаад байдаг юм болов уу, ар нуруу руу нь хутга зоож байсан хүнээ уучилчихсан өөд нь татахыг хичээж байна.

МАН-д Н.Энхбаяр даргатай ойрхон нөхөрлөж шадарлаж явсан улстөрч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинээс эхлүүлээд цөөнгүй бий. Тэд ч бас зөвлөсөн байхыг үгүйсгэхгүй. “Их мөрөн шалбаагтай нийлдэггүй юм аа” гэж томорч суусан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-ын сонгуульд МАН, МАХН-тай нэгдэж орно гэвэл огт эсэргүүцэхгүй” гэж байр сууриа илэрхийлсэн нь хоёр жилийн өмнөх эсэргүүцлээс нь хамаагүй уярсан байр суурь юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудад харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал” гэсэн байр суурь илэрхийлэх болсон зэргээс харахад эе эвийг чухалчилж байх шиг.

Яг үнэндээ өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэсэн гарын таван хуруунд багтах хэдхэн улстөрч фоно болохоос цаашгүй яваа. Эх орончдын өдрөөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар дэргэд нь зогсож, чимэг болсон нь хоёр намыг нэгтгэх хүсэлтэй нь л холбоотой. Ингэхгүйгээр МАХН Ногоон намтай эвсээд 2012 оны УИХ-ын сонгуульд авч байсан шигээ сонголтыг ард түмнээс авах найдвар байхгүй. Сонгуулийн хуулийг судлаад үзсэн ч боломжууд хоёр том намд л хуваарилагдаж очихоор буй.

“Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалтыг санаандгүйгээр орхигдуулсан гэдэг хууль тогтоогчдын тайлбар бол үнэндээ үлгэр. Удахгүй УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Пропорционалын хувь хэмжээг бууруулж, нийслэлийн мандатын тоог зургаагаар нэмэх анхны санаачлагын эзэд нь МАН-ынхан болохоос Ардчилсан намынхан биш. Өөрөөр хэлбэл, төслийг санаачлагч нь эрх баригч хүчний гишүүн болохоос биш нидэр дээрээ МАН шүү дээ. Намын нэрсийн жагсаалтын ард нуугддаг Үндсэн хууль зөрчсөн заалтыг байхгүй болгох ёстой гэж хамгийн их хашгирсан нь Ардын намынхан.

МАХН-ынхан бол Монгол Улс нэг тойрог болъё гэж, пропорционалын хувь хэмжээгнэмэхийг л хүсч байв. Гэвч эсрэгээрээ хувь хэмжээ нь улам багасгах болж буй. Энэ нь тавхан жилийн настай МАХН-д л халтай. Тэгэхээр том намын хормойд зүүгдэхгүйгээр хол явахгүй гэсэн үг. Харин сонголт нь МАН уу, эсвэл өөр улс төрийн хүчин үү.

Сонгууль болтол хугацаа байна. Тэр болтол нүүдлээ бодох биз. Харин МАХН МАН-тай эвсэх боллоо, цаашлаад нэгдлээ гэхэд Ардын нам гадна талдаа бус дотооддоо дайсантай болох эрсдэл хүлээж буй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар багийн тоглолт гэж юу байдгийг мэддэггүй улстөрчид. Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн төлөө далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж яваа. МАХН-даа л улстөрч болохоос МАН-д ороод ирэхэд хэн ч биш ч гэлээ нам дотор бужигнаан үүсгэх ажлыг бол харин ч сайн хийх л нөхөд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ