ХҮ нам өчигдөр С.Ганбаатараа, өнөөдөр Б.Найдалаагаа даргаас нь чөлөөлөв
Байгуулагдсан цагаасаа гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаар нь сонгогдсоноос хойш багагүй хэл ам, дуулиан шуугиан дагуулаад байгаа ХҮ нам өчигдөр шинэхэн даргатай болсон. Учир нь тус намын дарга С.Ганбаатарыг дүрмийн бус тогтоол гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг хэд хэдэн үндэслэлтэй болохыг намын хэсэг гишүүд болоод тус намын генсек Т.Доржханд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Ингээд намын дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийж Б.Найдалааг намын даргаараа сонгосон.
Гэтэл өнөөдөр ХҮ намын Төв хорооны хурал зарлагдаж тус хурлаар намын дарга гэх үү дарга биш ч гэх үү С.Ганбаатар тэргүүтэй намын төв хорооны 43 гишүүн хуралдаж өчигдөрхөн дарга болоод байсан Б.Найдалааг намын дэд даргаас нь чөлөөлж орхив. Тэрээр нам дотор нь болоод буй үйл явдлыг “Журмын гурван нөхөр маань биднээс урвалаа. Энэ бол мөнгөтэй, зохион байгуулалттай бүлэглэлийн ажиллагаа. Манай намыг хагаран бутаргах гэсэн дайралт. Шударга нам ямар байх ёстой вэ гэдэг үүднээс бид өнөөдөр шийдвэр гаргалаа. ХҮ нам шийдвэр гаргах хангалттай хүчтэй” гэв. Өөрөөр хэлбэл өчигдөрийнх хуурамч, өнөөдрийнх ёстойжинхэнэ гэх утгагүй зүйлийг С.Ганбаатар тайлбарласан юм. Намын тамга, тэмдэг, албан ёсны шийдвэр нь аль нь вэ гэдэгт эргэлзэж, толгой эргэхээс аргагүй байдал бий болжээ.
С.Ганбаатарыг намын нөхөдтэйгөө хэвлэлийн хурал хийж байх үеэр ХҮ намын гишүүн Ө.Мөнхбат өөрийн твиттер хуудаснаа "С.Ганбаатар хаалттай хэвлэлийн хурал хийж байна” хэмээн зургийн хамт оруулсан байв. Үнэхээр ч зарим хэвлэлийнхэн орж чадахгүй зогсож байгаа нь харагдаж байлаа. Харин хэвлэлийн хурлын дараа С.Ганбаатарыг үүдэнд хүлээх сэтгүүлчдээс тэрээр зугтах шахам гарч явжээ.
Энэ мэтээр нам дотроо үүсээд буй асуудлаа шийдэж чадахгүй байж улс орны асуудлыг шийдвэрлэж, ард түмнийг төлөөлж чадах нь юу ч бол гэх нэгэн бий. Өчигдөр С.Ганбаатарыгаа, өнөөдөр Б.Найдалаагаа даргаас нь чөлөөлчихлөө. ХҮ намын дотор үүсээд буй энэ асуудлыг С.Ганбаатар “Том бүлэглэлийн хийж буй ажиллагаа” гэж тайлбарлаж байгаа нь “Хүнсний дэлгүүрт мафийнхан халдлаа” гэж буйтай агаар нэгэн сонсогдох нь дамжиггүй биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ