Хятадууд Оюутолгой руу хараа бэлчээж эхэллээ

Хятадын зэс үйлдвэрлэгчид Индонезийн эрх баригчид уул уурхайн хяналт, хязгаарлалтаа чангаруулснаас хойш Оюутолгойд анхаарлаа хандуулах болсон гэж “Brecorder.com” мэдээллээ. Зэс үйлдвэрлэгчид бусад ордыг сонирхож болох ч зөвхөн Оюутолгойд анхаарал хандуулж байгаа нь бүс нутгийн хэрэглээг дангаар хангах зорилготой гэсэн байв.

Учир нь Зүүн өмнөд Азин өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад Оюутолгой шиг том ордууд шаардлагатай ч өнөөгийн байдлаар ийм нөөц хараахан илрээгүй байгаа гэжээ. Хамгийн гол нь энэ ордод төсөл хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп ирэх сараас олон улсад бүтээгдэхүүн, түүхий эд гаргахаар төлөвлөсөн. Энэ нь дэлхийн хамгиййн том үйлдвэрлэгч, нөгөө талаар хэрэглэгч гэгддэг хятадууд Оюутолгой руу анхаарлаа хандуулах нэг шалтгаан болжээ.

Үүнээс гадна Хятад улс гадаад хөрөнгө оруулалтаа нэмэх таатай боломж гарч ирсэн. Учир нь Энэтхэгийн зэс үйлдвэрллийн хамгийн том компани “Sterlite Industries” өнгөрсөн гуравдугаар сараас байгаль орчинд халгүй ажиллагааг дэмжихээр болсон. Мөн Индонезид тэргүүлэгч “Freeport McMoRan Copper & Gold” компанийн уурхайд осол гарч 28 хүн амиа алдсан. Энэ ослоос болж үйл ажиллагаа нь доголдсон тул өдгөө хятадуудад том боломж гарч ирсэн нь энэ.

Оюутолгойн хувьд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хамгийн том зах зээл нь Хятад улс. Тиймээс тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхдээ эхнээсээ хятадуудтай түшилсэн. Харин Хятадын тал өөрийн талаас бүтээгдэхүүн хүлээж авах бүх бэлтгэлийг хэдийнэ хангасан байна.

Гэхдээ тэд зөвхөн хүлээн авагч биш оператор болохыг санаархаж эхэллээ. Манай Засгийн газар Оюутолгойд ердөө 34 хувийн мэдэлтэй, удирдах зөвлөлд бараг үг дуугардаггүй учраас “Рио Тинто” бүтээгдэхүүн нийлүүлэхэд өргөн хүрээний хяналт тавьж чадахгүй гэсэн хардлага бий. Тиймээс “Чалко”-гийн түүх Оюутолгойд давтагдахгүй гэх баталгааг хэн өгөх вэ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ