Л.Гүндалай: С.Ганбаатар аюултай зальтай этгээд юм байна

Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.

-ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ ГЭДЭГ БОЛЖ БАЙНА-

-Та цахим хуудсаараа дамжуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хатуухан шүүмжилсэн байсан. Яагаад тэр хүний талаар бичих болов?

-Юм үнэнээрээ байх сайхан. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүн ард түмний үлгэр дуурайлал байх ёстой. Нэг хүн УИХ-д худлаа хэлж, сургууль төгссөн гэж ярьж, хүмүүсийг мунхруулж, залилан мэхлэх аргаар сонгогдоно гэдэг байж болохгүй шүү дээ. “Ийгл” телевизээр ярьсан С.Ганбаатарын ярианд анализ хийсэн юм. Эхнээсээ дуустал энэ хүн худлаа юм байна гэж ойлгосон.

gundalai-Та С.Ганбаатар гишүүнийг хэр сайн мэдэх вэ?

-Мэднэ. Гадаадад сургууль төгсөөгүй нь харах царайны ил байгаа юм. Ядахдаа дотоодод нэг юм төгссөн байлгүй дээ хөөрхий гэж бодсон. Гэтэл тийм ч юм байхгүй. Тэгсэн мөртлөө бүх газарт худлаа яриад, хулхидаад явчихсан. Энэ бол болохгүй зүйл дээ. Үүнийг нь хэлсэн юм.

-Таны бичсэнийг уншаад хүмүүс янз, янзаар хүлээж авч байсан. Мэдээж С.Ганбаатар гишүүнийг дэмждэг хүмүүс байгаа. Таныг ч шүүмжлэх өнгө аяс ажиглагдаж байсан?

-Хүмүүс над руу дайрсан байна лээ. Тэр хамаагүй. С.Ганбаатарын хүмүүс дайрч байгаа. Харыг мянган удаа цагаан гээд байвал цагаан болчихдог. Тийм л логикоор пи ар хийдэг улстөрч олон байгаа. Түүнээс биш хүн гүтгээгүй. Өөрийнх нь намтарыг хараад яг үнэнээр нь бичсэн. Намайг буруутгах зүйл байхгүй. Үнэн юм хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг юм болж байна. Манай монголчуудын сэтгэлгээний ядуурал.

-С.Ганбаатар гишүүн Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, та бас намын дарга. Сонгууль дөхөж байгаа энэ үед бие, биеийнхээ талаар янз бүрээр бичих зүйл их гарах байх. Өрсөлдөгчид гэдэг утгаар таныг ийм зүйл хийгээд байна гэж хардах хүмүүс байна?

-Харин ч сонгуулийн үеэр энэ асуудал яригдсан бол сонгуулийн юм гээд худлаа гэж ойлгох байх. Харин ч энэ асуудлыг эрт гаргаж тавьсан. “Ийгл” телевизийнхнийг би С.Ганбаатартай ярилцлага хийгээдэх гэж хэлээгүй шүү дээ. Тэр хүн өөрөө л тэнд очиж яриад ил гарсан. Түүнээс биш би Ганбаатарыг тийм хүн гэж мэдээгүй. Youtube дээр байсан Ганбаатарын ярилцлагуудыг үзлээ. Англи хэлээр ярьсан бичлэгийг нь үзсэн авах юм алга байна лээ. Ярьсан яриа нь худлаа, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Тэр болгоныг нь үзээд аюултай зальтай этгээд юм байна даа гэж бодсон. Ард түмэндээ үнэнийг хэлж энэ хүнээс сэрэмжлүүлэхгүй бол болохгүй юм байна. Надаас өөр хүн үнэнийг хэлж чадахгүй дээ.

-Сүүлийн үед фэйсбүүкээр хүмүүс сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарладаг болжээ. Хэн дуртай нь сонгуульд нэр дэвшиж болдог юм байна гэдэг ойлголт нийтийн дунд бий боллоо?

-Боловсрол чухал. Гэтэл боловсрол чухал биш гэдэг юм Ганбаатар яриад байна. Хүнийг боловсрол авч явдаг. Төрд 76 боловсролгүй хүн суучихаж болохгүй шүү дээ. Нийгмийг боловсролтой цөөхөн хэдэн хүн удирддаг юм. Фэйсбүүкээр нэр дэвшинэ гээд л байна. Нэр дэвших нь нээлттэй. Гэвч Ганбаатар шиг хүн нэр дэвшчихэж болдог юм байна, эргээд унадаг юм байна гэдгийг харж авсан байлгүй гэж бодож байна. Монголчууд ухаантай бол иймэрхүү хулхи этгээдүүдэд орон зай өгөхгүй байх ёстой.

gundalai

-БИ ЧИНЬ БӨӨН ДУРЫН УРАН САЙХАНЧ-

-Таны дуулж, дүрсжүүлсэн “Монголоороо байгаасай” дууг бараг нэг сая хүн үзсэн байна. Үнэхээр олонд хүрч чадав уу. Эсвэл фэйсбүүкт мөнгө төлөөд нэмүүлчихэв үү. Хүмүүс таныдууг янз бүрээр хүлээж авч байна?

-Нэг сая хүн үзсэн. Фэйсбүүкт мөнгө төлж болно. Үзэгдэх орчинг нэмэгдүүлдэг болохоос биш, хандалтыг нэмэгдүүлдэггүй. Хандалт бол тэр бичлэг дээр дарж ороод үзэхийг хэлж байгаа юм.

-Яагаад энэ дууг сонгож дуулсан юм бэ?

-Нэгдүгээрт, энэ дууны үг нь гоё. Хоёрт, олны хүртээл болоогүй, хүн мэддэггүй. Гуравт, их сайхан утгатай. Энэ дууны клипээр өөрийнхөө бодол, үзэл санааг ил гаргасан. Монголоороо байхын тулд монголчууд бид зоригтойгоор тэмцэх ёстой, ухаантай байх ёстой гэсэн санааг өөрөө тоглож гаргасан. Тэр нь олон хүнд хүрсэн гэж бодож байгаа. Түүнээс биш би мэргэжлийн уран сайханч хүн биш шүү дээ. Би чинь бөөн дурын уран сайханч хүн.

-Хүмүүс таны нум, сум харваж байгаа хэсгийг тасдаад элдэв, янзын эвлүүлэг хийгээд байна. Та уралдаан зарласан нь үнэн юм уу. Эсвэл хүмүүс сонирхолоороо тийм зүйл хийгээд байна уу?

-Анхнаасаа хүмүүс сонирхолоороо хийсэн. Би харваад л, Солонгосын жүжигчид унаад л. Хүмүүс өөрсдөө тийм юм хийгээд байгаа юм. Гэтэл нэг нөхөр нь урамшуулна гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Хүмүүс над руу утасдаж асуусан. Би ямар ч уралдаан зарлаагүй. Би юуг ч шалгаруулахгүй, хэнд ч мөнгө төлөхгүй. Олон жил миний нэрээр акаунт ажиллуулж байгаа хүмүүс бий.

-Танд албан ёсны фэйсбүүк хаяг байна уу?

-Байхгүй. Твиттер хаяг нээгээд, долоо хонож байна. Миний нэрээр хаяг нээгээд ажиллуулдаг хүмүүс байна. Над руу яриад юм асууж л байдаг.

gundalai

-Дуу дуулаад, клипжүүлээд олонд хүргэж байна. Өмнө нь нэвтрүүлэгт орох үеэрээ дуулж байсан бичлэгүүдээ ил болгосон байсан. Нэг талаараа улс төрийн пи ар хийгээд байна уу?

-Монголоороо байгаасай дууг сая гаруй хүн үзсэн. Миний тухай эвлүүлгийг 500 мянган хүн үзсэн. Нийт бараг хоёр сая хүн хандсан. Би их баярлаж байгаа. Үнэ төлбөргүй сурталчилгаа гэх үү дээ. Ялангуяа клип хүмүүст их хүрсэн. Ард түмэн иймэрхүү зүйлийг их хүлээж байгаа юм байна.

-Таны “брэнд” болгочихсон нэг үг байгаа шүү дээ. Энэ мэт үйлдлүүд сонгуулийн үеэр таны улс төрийн карьерт ямраар нөлөөлөх бол. Таныг дэмжиж байгаа хүмүүс байхад, шүүмжилж, муулж байгаа хүмүүс олон байна. Хүмүүс сонголтоо хийхдээ ямар байх бол?

-Зоригтой нь намайг дагаад яв, чадахгүй нь чацга царайлаад гэртээ харьж унт гэсэн юм. Би энэ үгийг хэлсэн юм. Энэ үг брэнд үг болох нь болсон. Та бүхэн зоригтой байгаач, манай Монголын хамаг баялгийг гадаад, дотоодын дээрэмчид авчихлаа гэж хэлж байгаа юм. Фэйсбүүкээр над руу дайрсан гүтгэлгүүд их байгаа. Уншаад үзэхээр ихэнхинь худлаа дайралтууд байгаа. Намайг Гүнбалай ч гэх шиг. Эцэг эхээс өгсөн нэрийг гутааж болохгүй. Тэрний оронд эмнэлгийн тодорхойлолт аваачаад тавьчихвал нэг өөр шүү дээ. Хүнийг ингэж гүтгэж дайрч болохгүй. Энэ бол өшөө хорсол, атаархал. Цаанаасаа зохион байгуулалттайгаар хийж байгаа ажил. Би үнэн зөв, баримт нотолгоотой юм ярина. Би хүний үгийг хүлээж авна. Гэхдээ гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Харин ч энэ бүх бичсэн юмыг устгадаггүй. Өөрийнхөө нарийн бичиг, туслахдаа хэлээд энэ сэтгэгдлүүдийг устгаад байгаарай гэж хэлээд устгуулж болно. Гэхдээ би тэгдэггүй. Надаас өөр хүн бол тэрийгээ устгуулж л байгаа. Би хүнийг тэгж доромжилж, гүтгэж бичдэггүй. Би тэр дууг өөрийнхөө хоолойгоор дуулж, өөрийнхөө мөнгөөр клипээ хийлгэсэн. Би ам барьдаггүй. Одоо дуул гэвэл дуулчихна. Би ямар ч хууль зөрчөөгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ