“Бүх оддын тоглолт-2016” эхлэхэд бэлэн боллоо

Үндэсний Супер Лигийн энэ улирлын “Бүх Оддын Тоглолт” буюу сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн том баяр, үйл ажиллагаа энэ баасан гарагт эхлэхэд бэлэн боллоо.“Бүх Оддын Тоглолт”-ын хамгийн эхний үйл ажиллагаа энэ сарын 26-ны баасан гарагт Эрдэнэт хотод эхлэнэ. Гуанжу хотод болсон Оюутны Универсиад наадамд тун амжилттай оролцож, дэлхийн 3 тивийн багийг хожсон Монголын Залуучуудын Шигшээ баг маань Легионеруудын 2-р шигшээ багтай тун сонирхолтой тоглолт хийнэ.

Харин бямба гараг буюу хоёрдугаар сарын 27-ны өдрөөс Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд “Бүх Одод” тоглогчид баруун, зүүн гэсэн 2 бүсэд хуваагдан өрсөлдөнө. “Бүх Одод” тоглогчдыг энэ жил үзэгчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд гарааны бүрэлдэхүүнийг лигийн найман багийн дасгалжуулагчдын саналаар шийдсэн юм. Мөн энэ өдөр цагариган дээрээс довтлох тэмцээн, 3 онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн гэсэн сонирхолтой тэмцээн болно. Ур чадварын тэмцээнд том тоглогчид болон жижиг тоглогчид гэсэн өрсөлдөөн гарахаар болсон.

“Бүх Оддын Тоглолт”-н хамгийн сонирхолтой тэмцээн Монголын Шигшээ баг болон Легионер тоглогчдын шигшээ багуудын хооронд болдог билээ. Энэ өрсөлдөөн одоогийн байдлаар 2-2 гэсэн тэнцүү байдлаа үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнээр хайнаагаа хагалах учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ