Төв Ургац 11 дараалан хожлоо

Хоёрдугаар тойрогт нэг ч хожигдоогүй “Төв Ургац”-ын ялалтын цуврал 10-д хүрсэн. Тэднийг ямар баг зогсоох нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Шилдэг амжилт үзүүлж байгаа “Төв Ургац” амжилтынхаа хэрээр олон хөгжөөн дэмжигчдтэй болж байгаа нь өмнөх тоглолтод харагдсан. Тэгвэл “Смарт”-ын лидер А.Гансүх бэртлээ бүрэн эдгээгээд талбайд гарсан бол Дархантөгс гэмтэлийн улмаас тоглолтыг өнжлөө. “Смарт” энэ тулааны өмнө хоёр шинэ легионероор хүчээ зузаатгасан байлаа. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн “Ургац”-ын Крис Жонс-ийг хамгаалах хүн “Смарт”-д байсангүй. Манай хөгжөөн дэмжигчдээс “Ноён Хожил” нэрийг аваад буй Жонс багийнхаа тоглолтыг төгс найруулан өөрийн үндсэн довтолгоо, шидэлтүүдээ цагаригт хийсээр байв.

Тэрбээр зөвхөн эхний хагаст 24 оноо авч гайхалтай тоглолт үзүүлсэн. Харин “Смарт”-аас эхний хоёр үед онцгойрсон тоглогч хараахан байсангүй. Гуравдугаар үед “Төв Ургац” сайн тоглолтоо үргэлжлүүлэн гаргаж олон оноогоор илүү гарав. Тэд энэ тэргүүллээ дөрөвдүгээр үед улам баталгаажуулан өрсөлдөгчөө 106:85-аар буулган авч, хожлын цувралаа 11 болголоо. Тус тоглолтод К.Жонс 39 оноо, 14 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч шилдэг тоглолтоо гаргасан бол түүнд Лакуинтин 22, Д.Дэлгэрням 17 оноогоор тусалжээ. Харин “Смарт”-ын хоёр шинэ легионер Моррис, Хакерсон нар тус бүр 25 оноо авч давгүй тоглолт үзүүлсэн юм.

Хүлгүүдэд хэрэгтэй хожил харин Аравт лигийн хамгийн муу баг боллоо

“Аравтууд” хоёрдугаар тойрогт тун хангалтгүй тоглолт үзүүлэн хүснэгтийн ёроолд бичигдэж буй. Тэд плей-оффт шалгарахын тулд үлдсэн тулаануудаа тунчанартай хийх ёстой. Тэд гуравдугаар тойргийн эхний тоглолтоо “Хүлгүүд”-тэй хийв. “Хүлгүүд”-ийн хувьд зургадугаар байрт яваа. Тэд төвийн тоглогч Гейнсийг нутаг буцааж оронд нь Акиажоби хэмээх залууг авчирсан аж. Тоглолтын нэгдүгээр үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд хоёрдугаар үе мөн ийм хэмнэлтэй өрнөв. “Хүлгүүд”-ийн ахлагч Б.Билгүүн эхний хоёр үед шилдэг тоглолтоо гаргаж чадаагүй багийн нөхөд нь тун сайн байлаа. “Арватууд” харин жигд тоглолтоо үзүүлсэн.

Гэхдээ гуравдугаар үед “Хүлгүүд”-ийн ээлж дараалсан алсын зайн шидэлтүүд багтаа том давамгайлал авчирлаа. Корбин хоёр дараалсан алсын зайн шидэлт, М.Отгонмөнх нэг шидэлтээ “Хүлгүүд”-д оноогоор тасрах боломж олгосон юм. Улмаар дөрөвдүгээр үед Баярцогтын шавь нар жигд тоглолтоо үзүүлсээр өрсөлдөгчөө 102:88-аар өвдөг сөхрүүлэв. Тус тоглолтод Н.Золжаргал 21 оноо авч багаа тэргүүлсэн бол Корбин 17, Б.Батжавхлан 17, Харрис 13, Билгүүн 12 оноо тус тус авчээ. Харин “Аравтууд”-аас Калдвелл 26 оноо, 15 самбар, С.Өрнүүнбилэг 18, авсан ч бусад нь төдийлэн хангалттай тоглосонгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ