Эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон талбайг нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээнэ
1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна. Үүнээс, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгджээ.
Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байна. Монгол Улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигджээ.
Тиймээс 2013 оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр 1 тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан. Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт, хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийх тухай Уул уурхайн сайдын 2013 оны 98 дугаар тушаал гарсан.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн хайгуул, олборлолтоос бохирдож, эвдрэлд орсон газруудад нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ өгч дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан А103/73 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ