Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсрууллаа
Уул уурхайн яам Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлээд байна. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрийн талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ.
Газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм байна.
Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг тус бүр нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар боловсруулсан байна. Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тусгаж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч төсөлд тодорхой тусгажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ