Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв
БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан”-д Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв нар оролцлоо. Тус хуралдааныг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Комиссын Монголын хэсгийн дарга Шадар сайд Д.Тэрбишдагва, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга Худалдааны яамны орлогч сайд Чэнь Зянь нар тэргүүлэн оролцсон. Дээрх хуралдааны үеэр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэсийн орд зэрэг төслүүдэд хамтран ажиллахыг идэвхитэй дэмжиж байгаагаа хятадын тал дахин нотлов.
Харин Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох, Монголын нүүрсний ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих, мөн нүүрс, занараас хий гаргах чиглэлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэж найдаж байгаагаа монголын тал илэрхийлэв.
Монголын тал нүүрс, жонш, төмрийн хүдэр болон ган төмөрлөгийн боловсруулсан бүтээгдэхүүн, хүхрийн хүчил зэрэг дайвар бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох хэмжээ зэрэг асуудлаар хятадын талтай холбоотой ажиллаж, нүүрсний худалдааны орчинг сайжруулах асуудлыг хамтран судлана гэж найдаж буйгаа илэрхийлэв. Хятадын тал хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд шууд ярилцаж, хэрэв Засгийн газраас оролцох шаардлагатай бол ЗГХК зэрэг одоо байгаа хамтын ажиллагааны механизмуудыг ашиглах боломжтойг илэрхийлэв. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг асуудлаар монголын талд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ. Монгол, Хятад, Оросын хооронд түүхий газрын тос харилцан солилцох замаар Дарханы газрын тосны үйлдвэрт хоёр сая тонн түүхий газрын тос нийлүүлэх асуудлыг судлахыг монголын тал санал болгов. Монголын тал тодорхой саналаа Хятадын “Петрочайна” компанид өгч, талууд газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа хятадын тал илэрхийлэв.
Тиймээс уул уурхайн яам дээрх хурлаар яригдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж ирэх Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлдэж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ