Зэрлэг заан хүмүүсийг элдэн хөөжээ
Зэрлэг амьтан хүмүүс рүү дайрч, хохирол учруулсан бас нэг тохиолдол Энэтхэгт гарчээ. Өнгөрсөн ням гаригт зургаан настай ирвэс гурван хүнийг гэмтээж бэртээсэн бол лхагва гаригт буюу өчигдөр аварга заан Баруун Бенгалийн хот руу дайрчээ. Заан оршин суугчдын амьдардаг байшингийн ханыг цохиж, замдаа таарсан мотоциклиүдийг дэвслэн, Siriguri хотын гудамжинд хэдэн зуун оршин суугчийг айлган элдэж хөөсөн талаар CNN мэдээлжээ. “Бид хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Заан багагүй үймээн тарилаа. Одоо байдал намжсан” гэж орон нутгийн захирагч Anurag Srivastava хэлжээ. Зааны дайралтын улмаас хүн, амьтны аминд аюул учирсан мэдээлэл алга байна. Тайвшруулах эм бүхий дөрвөн сумаар зааныг номхотгожээ. Албаныхан зааныг кранаар өргөн ойд нь буцаан тавьсан байна.
Энэтхэгт зэрлэг заанаас илүү ирвэсийн халдлага хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг илүүтэй татаж байгаа бөгөөд түүний халдлагын улмаас хүмүүсийн амь насанд аюул учирч байгаа талаар тус улсын засгийн газрын цахим хуудаст мэдээлжээ. 2008 оны тооллогоор Энэтхэгт 27 мянга орчим заан бүртгэгдсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр, Энэтхэгт жил бүр зааны халдлагын улмаас 100-300 хүн амь насаа алддаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ