Л.Пүрэвсүрэн сайд Говь-Алтай аймагт ажиллаж улсын тэргүүний тариаланч, сайн малчдад шагнал гардуулав
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Говь-Алтай аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн мал аж ахуйн салбарт өндөр амжилт гаргасан малчид болон тариаланчдыг шагнадаг уламжлалтай. Нийслэл хотоос 1000 км-ын цаана орших Говь-Алтай аймгаас найман сайн малчин, улсын сайн тариаланч нэг төрөн гарчээ. Малчид энэхүү нэр хүндтэй шагналыг Говь-Алтай аймгийн уугуул Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс гардан авсан юм.
Энэ жил Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн малчин Цолмонгийн Данзандорж, Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин Цэдэвийн Дамба, Халиун сумын Олонбулаг багийн малчин Даваагийн Гансүх, Баян-Уул сумын Алтангадас багийн малчин Доржхүүгийн Батбилэг, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Аюушийн Эрдэнэбат, Шарга сумын Улаантуг багийн малчин Доржийн Гаадансүрэн, Төгрөг сумын Мааньт багийн малчин Чимэдийн Чойдог, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямба нар хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сайн малчин цолоор энгэрээ мялаалаа.
Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат улсын тэргүүний тариаланч болов. Сайн малчдад шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Миний бие Гадаад хэргийн сайд болсноосоо хойш хоёр дахь жилдээ Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулж байна. Төрсөн нутагтаа ирж сайн малчин, тариаланчдынхаа шагналыг гардуулж байгаадаа сэтгэл үнэхээр сайхан байна” хэмээсэн юм.
Энэ онд 21 аймаг, нийслэлээс шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс байв. Өдгөө манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ