Дамжуулах хоолойг нь татчих юмсан

Дорнод аймгийн Матад сумаас газрын тос олборлож буй “ПетроЧайна дачин Тамсаг” компани нефтийн цооногуудаа хооронд нь хоолойгоор холбож эхэлсэн гэж монголчууд өнгөрсөн сард анх сонссон. Өөрөөр хэлбэл, хятадууд ажил байдлаа манайд танилцуулсан юм биш, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд газар дээр нь очиж харсан юм билээ.

“ПетроЧайна дачин Тамсаг” компани 521 цооногийнхоо 449-ийг ашиглалтад оруулж, 2012 онд 410 мянган тонн газрын тос олборлосон. Харин энэ жил дээрх хэмжээ 650 мянган тонн болж хувирах ёстой гэх онцгой үүргийг толгой компаниасаа авсан байна. Гэхдээ Хятадад түүхий тос ховордсоноос ингэсэнгүй, ердөө л хоолой барьж байгаа тул одоогийн хүчин чадлаар энэ хэмжээний олборлолт хийх боломжтой болсон гэсэн үг.

Хоолой барьсан нь ч мөн учиртай. УИХ-аас энэ компанид хатуу хучилттай зам тавих үүрэг өгч, биелүүлэхгүй бол тос тээвэрлэх эрхийг цуцална гэсэн. Гэтэл “Петро Чайна дачин Тамсаг” зам тавихыг урьтал болгосонгүй. Харин монголчуудад тун ч ашиггүй хувилбар болох дамжуулах хоолойг сонгосон бололтой. Уг нь УИХ-аас үүрэг өгөхдөө орон нутгийн хөгжлийг бодолцсон нь тодорхой.

“Петро Чайна”-гийн хувьд долоонжилийн өмнө Тамсагт тос олборлох, хайх эрхтэй “Соко интернэшнл” компаниас лиценз худалдан авсан. Тэгэхдээ Тамсагаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавьж, 2011 онд ашиглалтад оруулах амлалт өгсөн байна. Харин өнөөдрийг хүртэл энэ ажил биелсэнгүй.

Эдгээрийг нурших болсон шалтгаан нь Монгол Улс өөрт нь ашиггүй ч гэсэн дамжуулах хоолойтой болж байгаа юм байна. “Петро Чайна дачин Тамсаг”-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад манайх өөрсдөө тос олборлож, дамжуулах хоолойг нь ашиглах болох ч тэр хүртэл ганц төгрөгийн ашиг манайд өгөхгүй нь тодорхой гэж эдийн засагчид үзсэн.

Харин манайд зайлшгүй өгөх “Алтай” дамжуулах хоолойн асуудал юу болсон бол. Сураг сонсох нь оросууд мөн л гэдийдгээрээ гэдийж байгаа аж. “Итар Тасс” агентлагийн мэдээлснээр энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нэгэн чухал гэрээ хийсэн. Тодруулбал, хятадууд Оросоос жилд худалдан авдаг тосныхоо хэмжээг 31 сая тонноор нэмж, гэрээний хугацааг 25 жилээр сунгаж чаджээ.

Хамгийн гол нь “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар Хятадын талтай багагүй маргалдаж, эцэст нь нэг юм шийдэлд хүрсэн нь манайд ашиггүйгээр эргэх магадлалтай тааруу мэдээ байна. Тэд Дорнод Сибирээс Хятадад хүрэх Номхон далайн чиглэлийн 2400 км урт дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ Монголоор биш Казахстанаар дамжуулах хувилбарыг дугуйлсан.

Гэхдээ газрын тос тээвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг “Транснефть” компани Монголыг сонгох нь эдийн засгийн маш их хэмнэлттэй гэжээ. Үүнээс гадна тус компани уламжлалт тээвэр буюу Монгол Улсаар дамжуулан төмөр замаар нийлүүлэх сонирхолтой байгаа юм байна.

Хятад улс өнөөдөр Оросоос жилд 35 сая тонн газрын тос авч байгаа. Үүний 20 саяыг Дорнод Сибирь-Номхон далай, 15 сая тонныг Сковородино-Мохэ, Козьминогоор дамжуулан авдаг. Гэтэл “Роснефть”-ийн санал болгосон Казахстанаар тос нхийлүүлэхд хүчин чадлын асуудал үүсэхээс гадна хэт тойруу учраас гарах илүү зардал 80 тэрбум рубль хүрнэ гэж тооцоолжээ. Хамгийн гол нь энэ илүү зардал гэдэг нь ердөө экспортын татвар. Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг энд тооцоогүй ажээ.

Казахстаны Атасу-Алашанькоугийн хоолойн өнөөгийн хүчин чадал нь жилд долоон сая тонн хүрэхтэй үгүйтэй. Гэтэл энэ хэмжээг 31 сая тонн болгоход гарах зардал нь Монголоор хэдэн жил тээвэр хийхээс давах гээд байгаа учир “Транснефть” байр сууриа хамгаалсаар байна гэж ажиглагчид үзэв.

Гэтэл бусад эх сурвалжаас харахад долоодугаар сард Дорнод Сибирь-Номхон далайн чиглэлийн газрын тос дамжуулах хоолойг өргөтгөх ажлыг эхлэхээр ОХУ-ын Засгийн газар гэрээ үзэглэсэн гэсэн. Харин санхүүжилтийн асуудалд Оросын монополь хоёр компани сөрөг байр суурьтай байгаа нь манайд ашиггүй ч, нөгөө талаар “Транснефть” байр сууриа хамгаалж чадвал ирэх таван жилд Монгол нефтийн тээврээс багагүй мөнгө зулгаах боломжтой болох юм.

Гол нь хоолойн өргөтгөлийг “Роснефть” дангаар санхүүжүүлэх ямар ч боломжгүй юм байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд компаниуд нэгдсэн байр суурьт яаралтай хүрэх шаардлагатай болжээ. “Транснефть”-ийн хувьд хэрвээ Казахстанаар дамжуулна гэвэл мөнгө гаргахгүй гэж мэдэгдсэн. Яагаад гэвэл энэ нь тэдний шийдвэр биш.

Роснефть, Транснефть компаниуд 2011 оноос эхлэн жилд 15 сая тонн газрын тосыг 20 жилийн хугацаатай Хятадад нийлүүлэх гэрээний дагуу 2009 онд 25 тэрбум ам.долларын зээл тэдний талаас авсан. Зээлийн гэрээний дагуу 2030 он гэхэд нийт 300 сая тонн газрын тос нийлүүлэх учиртай юм байна.

Энд бас нэг асуудал бий. Оросын төрийн өмчит “Газпром” компани Алтайн нуруугаар дамжуулан газрын тос тээвэрлэх хоолой байгуулах асуудлыг ярьсаар олон жил болов. Одоо энэ асуудал бүр намжсан. Гэхдээ саяхан Москвад “Газпром”-ын удирдлагууд хуралджээ.

Эн эүеэр Петровскийн шинжлэх ухаан, урлаг судлалын академийын мэргэжилтэн, Владимир Гетманов нэгэн чухал асуудал хөндсөн нь манайд яах аргагүй ашигтай тусахаар юм. Тэрбээр “Яагаад тойруу замыг сонгон байгалийн хий, газрын тос тээвэрлэх хоолой байгуулах гэж байна вэ. Монголын Алтайн нурууны 2.600 м өндөрлөгөөр зам хийж товчлох боломж байна” гэдэг асуудал тавьсан.

Владимир Гетмановын үзэж буйгаар түүний дэмжиж буй санаа нь ОХУ-ын цаашдын ашиг сонирхолд нийцэхгүй гэнэ. Учир нь Монголын Алтайн уулсаар дамжин түлш тээвэрлэвэл “Газпром”-ын хувьд ашигтай мэт санагдавч ОХУ-ын хувьд Монголд баримталж буй бодлогод нийцэхгүй байгаа аж. Гэхдээ улс төрийн бодлогын цаана ямар нэг нэмэх, хасах зүйл байж л байдаг. Харин эцсийн дүндээ улс төрийн бодлого улсын ирээдүйг зөв чиглүүлэх л үүрэгтэй байдаг.

Гэхдээ Хятадын түнш байгууллага, заавал Монгол Улсаар дамжуулан түлш тээвэрлэх тал дээр өөр байр суурьтай байгаа ч юм билүү. Энэ талаар хэн нэгэн нь тодорхой алхам хийгээгүй байсаар өдийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын бодлого, Хятадын “Газпром”-той хийсэн тохиролцоо, Монголын түлшний хомсдол зэргийг харилцан ашигтай хэлэлцээр байгуулах замаар шийдвэрлэж болох юм гэх хувилбар ч бий.

Ерөнхийдөө тэд Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолой байгуулах саналыг дэмжиж байгаа боловч үүнийгээ ил тод илэрхийлэхгүй байна. Үнэхээр Монголтой холбоотой баримталж байгаа ОХУ-ынбодлого хүчтэй нөлөөлөхүйц байж болох юм.

Ер нь орос эрэдэмтэд, эдийн засагчид Сибирийн баруун хэсэг болон Төв Азийг Монголын Алтай Таван Богдын салбар уулсаар Европтой холбосон шинэ гарц нээх нь хэн хэндээ ашигтай гэж үздэг. Өнөөдөр Москва хотоос эхлээд уул уурхай, улс төр, газарзүй, геополитик судалдаг ихэнхи их дээд сургуулийн багш оюутнууд “Алтай нурууны шинэ гарц”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Тэр ч бүү хэл Алтай нурууны орчимд амьдардаг иргэдийн амьдралыг сонирхож эхэлсэн билээ. Харин “Газпром”-ын удирдах зөвлөлийн гишүүд энэ бүгдийг чимээгүйхэн зохицуулах бодолтой байгаа бололтой.

Энэ яриа сүүлийн үед дахин сэргэх болсон нь тодорхой шалтгаантай. Учир нь ОХУ-д байгалийн хийн нөөц илэрсэн. Энэ нөөцийг 2017 онд ашиглаж эхэлнэ. Тэр үед байгалийн хийг Зүүн өмнөд Ази руу нийлүүлэх гүүр нь хаагуур тавигдахад ийнхүү оросууд сөргөлдөж байгаа. Ажиглагчдын үзэж буйгаар оросууд хатуу байр суурьтай байгаа нь Тавантолгой болон шинэ төмөр замын тендертэй холбоотой. Тэд анхнаасаа Өмнөговийн ордуудад ажиллах сонирхлоо нуугаагүй бөгөөд Монголын Засгийн газар гурав дахь хөршийн бодлогоо илт зарласан нь тэдэнд таалагдаагүй байж мэдэх юм.

Гэхдээ л дамжуулах хоолой манайхаар дайрвал эдийн засагт чухам нэг саалийн үнээ нэмэгдэх юм билээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ