Дөрвөн газарт сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна
-ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ИРЭХ САРЫН 8 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ-
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыгбууруулах ажлын хүрээнд Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.
Тухайлбал, энд өрөм, шар тос кг нь 10.000 төгрөг, зөөхий 8000 төгрөг, шимийн архи литр нь 5000 төгрөг, хуруу ааруул кг нь 8000 төгрөг, сүү литр нь 2300 төгрөг, хэвийн боов нэг ширхэг нь дунджаар 2300 төгрөг, есөн ширхэг нь 20.700 төгрөг, 15 ширхэг нь 34.500 төгрөг, суурь еэвэн тусдаа 3800-12.700 төгрөгийн үнэтэй байна. Харин ууц 170-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.
Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалынбүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж
-ХҮННҮ МОЛЛ, ШӨНИЙН ЗАХ, “МОНГОЛ АУЛЕТ” ДЭХ ҮЗЭСГЭЛЭН
ИРЭХ САРЫН 7 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ-
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа үүдээ нээгээд байна. Энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа 01.27-02.07-ны өдрүүдэд “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аулет” худалдааны төвдүүдэд зохион байгуулагдаж буй.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдөр /01.30/ “Хүннү Молл” худалдааны төвд нээлтээ хийх юм. Худалдаанд нийт 350 гаруй аж ахуйн нэгж 120 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байна. оролцогчид хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа давуу талтай. Түүнчлэн сар шинийн баяр угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн дагуу иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэх болсон. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагт үйлчилнэ.Б.ГЭРЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ