Зээлтэй хүмүүс таван хувь руу шилжинэ
Ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгон бууруулахаар болсон талаар Засгийн газар, Монголбанкнаас мэдээлсэн. Иргэдийн дунд энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн хүлээлт багагүй бий. Ялангуяа өмнө нь найман хувийн зээл авсан хүмүүсийн хувьд зээл нь таван хувийн хүү рүү шилжих болов уу гэсэн хүлээлт нэлээд их байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Батшугарын хэлснээр орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар төв банкнаас Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Дээрх ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгох, өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа аж.
Харин Барилга хот байгуулалтын сайдаар МАН-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллаж байхдаа ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувиас 10 хувь болгоно хэмээн бүтэн жилийн турш нийгэмд хүлээлт үүсгэсэн ч энэ нь эдийн засгаа татан унагаах эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байлаа.
Тиймээс Монголбанк, Засгийн газар урьдчилгаа төлбөрийн хувьд анх хөтөлбөрийг эхлүүлэх үед баримталж байсан 30 хувийн урьдчилгаатай байна гэсэн бодлого хэвээр үргэлжлэхийг хэлж байгаа юм.
Урьдчилгааг 10 хувь болгон бууруулснаар өрхөд учрах эрсдэл нь илүү өндөр байхыг эдийн засагчид хэлэх болсон юм. Тиймээс Засгийн газар, төв банк урьдчилгаа төлбөрийг хэвээр үлдээх нь иргэдэд ч, эдийн засаг ч эрсдэл багатай гэж үзэж байгаа аж.
О.САР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ