Анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн МОНГОЛ ЭРДЭМТЭНТЭЙ ярилцлаа

Монгол эрдэмтэн анагаахын шинэ нээлт хийсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Доктор, профессор Б.Бумдэлгэр эдүгээ Япон улсын Хирошимагийн их сургуульд ажиллаж байна. Бид түүнтэй хийсэн шинэ нээлтийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-ОСТЕОПРОТЕГЕРИН ХЭМЭЭХ УУРАГ ХЭВЛИЙН ГОЛ СУДАСНЫ ЦҮЛХЭН ӨВЧИН ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛДЭГ БОЛОХЫГ ОЛЖ МЭДСЭН НЬ АНАГААХЫН ШИНЭ НЭЭЛТ БОЛСОН-
-Таныг анагаах ухааны шинэ нээлт хийсэн тухай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нилээд цацагдлаа. Та өөрийн судалгааны ажлын талаар бидэнд тайлбарлаж өгөхгүй юу? Ямар шинэ нээлт хийсэн юм бэ?
-Судалгааны ажлын нэр нь “Osteoprotegerin Prevents Development of Abdominal Aortic Aneurysms” юм. Гол утга санаа нь Остеопротегерин хэмээх уураг хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болохыг шинээр олж мэдсэн явдал юм.
-Бага зэрэг дэлгэрүүлж өгөхгүй юу?
-Хэвлийн гол судас өргөсч, диаметр нь 3 см-ээс ихсэхийг цүлхэн гэж үздэг. Ихэвчлэн 50-иас дээш насны эрчүүдийн 20 хүн тутмын нэгд тохиолддог. Ихэнхидээ оношлох шинж тэмдэггүй явсаар 5 см-ээс дээш өргөсвөл хагарч, үхэлд хүргэх магадлал 80-90 хувь байдаг. Цүлхэний диаметр 5.5 см-ээс өргөсвөл мэс заслын эмчилгээ хийдэг. Өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж буй “Endovascular stent grafting” буюу судсан дотуур гуурс байршуулах мэс ажилбарыг судас хагарахаас өмнө хийвэл үр дүн сайтай байдаг. Цүлхэний хэмжээ жижиг 3-5 см, мөн том боловч хавсарсан бусад өвчний улмаас мэс ажилбар хийлгэх боломжгүй тохиолдолд хянаж ажиглахаас өөр арга байхгүй. Одоогийн байдлаар гол судасны цүлхэн үүсэлтээс сэргийлэх, нэгэнт үүссэн цүлхэн цаашид улам өргөсөхийг зогсоох нөлөөтэй эмийн бодисыг олж илрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч, энэ чиглэлээр олон улсын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажил эрчимтэй хийгдэж байна. Үүний тулд өвчин үүсэх шалтгаан ба үүсэх эмгэг жамын механизмыг нь судалж мэдэх шаардлагатай байгаа юм. Миний хийсэн судалгаа нь өвчний үүсэлт буюу эмгэг жамыг илүү нарийн олж мэдэхэд чиглэгдсэн юм.
-Остеопротегерин уургийн тухай тайлбаралавал?
-Остеопротегерин гэдэг нь Osteo-яс, protege-хамгаалах буюу ясыг хамгаалагч гэсэн утгатай. Энэ уураг нь ясны үүсэлт ба задралын тэнцвэрийг зохицуулдаг гол үүрэгтэй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Үүнээс гадна Остеопротегерин нь гол судсанд кальци хуримтлагдахаас сэргийлдэг, мөн судас хатуурал буюу атеросклерозын бляжка (plaque)-ыг тогтворжуулах нөлөөтэй болохыг илрүүлсэн. Остеопротегерин нь зүрх судасны системд чухам ямар үүрэгтэй болох нь нарийн судлагдаагүй байсан суурин дээр, Остеопротегерин уураг хэвлийн гол судасны цүлхэн өвчний үүсэлтэд ямар нөлөө үзүүлэх талаар олж мэдэх зорилго дэвшүүлж судалсны үр дүнд, Остеопротегерин уураг нь RANKL (Receptor activator of nuclear factor kappa-B ligand)-аас гадна TRAIL (TNF-related apoptosis-inducing ligand)-тэй бамбай рецептор (decoy receptor) байдлаар холбогдож TRAIL-ын гаралтай үрэвсэлт процессыг дарангуйлснаар судасны ханыг хамгаалж, хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болохыг илрүүлсэн нь шинэ нээлтэд тооцогдож байна. Энэхүү судалгаа маань шинжлэх ухааны томоохон “Plos One” сэтгүүлд хэвлэгдсэнд би хувьдаа маш их баяртай байна.
-Олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзлээ гэж та хэлсэн. Хэдэн жил энэ судалгаан дээр ажилласан бэ?
-Энэ судалгаан дээр нийтдээ зургаан жил гаран ажилласан. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах гэж их хичээсэн дээ. Хэзээ нэг ард нь гардаг юм болдоо гэж шантрах үе их байсан. Надтай цуг судалгаагаа эхэлж байсан бусад орны оюутнууд дөрвөн жилийн дотроо үр дүнгээ үзээд доктороо хамгаалах болзлоо хангачихаад байдаг, миний ажил дуусаагүй байдаг, их сандарч байж билээ. Анхнаасаа сэдвээ бас бодолтой л сонгомоор юм билээ. Хэцүү сэдэв сонгочихоод хугацаандаа амжихгүй байх тохиолдол байдаг. Ийм урт хугацаанд амжуулахгүй юугаа хийсэн байна гэж найз маань хэлж байсан удаатай. Гэвч цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн дөө.
-ТУС ӨВЧНИЙГ ЭДГЭЭХ НӨЛӨӨТЭЙ ӨӨР БУСАД ЭМИЙН БОДИСУУД БИЙ
ЭСЭХ ТАЛААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУДЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА-
-Уншигчдад та судалгаагаа хэрхэн хийдэг болох нь их сонирхолтой байх. Та судалгаа, туршилтуудаа хэрхэн хийдэг болох талаараа зах зухаас нь дурьдаж болох болов уу?
-Юу судлах гэж байгаа, юуг олж мэдэх гээд байгаа, олж мэдсэнээр ямар шинэлэг талтай вэ, ямар ач холбогдолтой вэ гэдэг асуултаас л судалгаа эхэлдэг. Судалгааныхаа зорилгыг тодорхойлно гэдэг ажлынхаа талыг хийлээ гэсэн үг гэж оюутан байхдаа сонсож байлаа. Судлах гэж буй ажилтайгаа холбоо хамааралтай, төстэй, урьд өмнө хийгдэж, хэвлэгдсэн судалгаануудыг интернетээр хайж олох, уншиж танилцах, арга аргачлалыг нь сурах, анализ хийхээс л судалгаа эхэлдэг юм. Дараа нь судалгаа хийх арга аргачлалаа тодорхойлно. Миний хийсэн судалгаа нь хэвлийн гол судасны цүлхэн өвчний үүсэлт буюу эмгэг жамыг нь илүү нарийн олж мэдэхэд чиглэгдсэн.
-Өвчний эмгэг жамыг судлахын тулд туршилт судалгаа хийх шаардлагатай болох байх?
-Тийм. Туршилт хийхийн тулд in-vivo (туршилтын амьтан) ба in-vitro (эсийн өсгөвөр) түвшинд тухайн өвчний туршилтын модель шаардлагатай. Манай судалгаа дээрхи хоёр түвшингийн моделийг хоёуланг нь хэрэглэж, иммуногистохими, молекул биологийн шинжилгээний аргуудыг ашигласан. Тухайлбал, туршилтын амьтны генотипийг тодорхойлох, туршилтын амьтанд зохиомлоор өвчин үүсгэх, төрөл бүрийн химийн ба эмийн бодисыг туршилтын обьект дээр хэрэглэх, сорьц авч цуглуулах, эд эрхтэн ялгаж авах, эс ялгаж ургуулах хадгалах, уураг РНХ ДНХ ялгах, тодорхой уургийн нийлэгшилтийг (transcription, translation-ий түвшинд) тодорхойлох, төрөл бүрийн PCR, ELISA, уургийн иммуноблот урвалууд, иммуногистологийн урвалууд, аливаа генийг дарангуйлах, идэвхжүүлэх, бусад тусгай урвал тестүүд гэх мэт. Эцэст нь үр дүндээ статистикийн анализ хийнэ. Ер нь хийсэн туршилт, тависан урвалын талаас илүү нь хүсэж хүлээж байсан үр дүнг үзүүлдэггүй сөрөг гардаг нь бодит байдал юм. Нэг бол би буруу хийгээд байдаг, аль нэг шатанд алдаа гаргасан, нэг бол арга нь угаасаа буруу байдаг, нэг бол угаасаа л сөрөг байдаг. Тэр л мөчид үнэн-худал, тийм-үгүй, эерэг-сөрөг ийн ялгааг зөв дүгнэж, зөв шийдвэр гаргаж сурах нь шинжлэх ухаан юмуу даа.
-Цаашид та судалгаагаа хэрхэн өргөжүүлэх, практик болгох төлөвлөгөөтэй байна вэ?
-“Plos One” сэтгүүлд 2016.1.19 нд хэвлүүлсэн судалгаагаар маань Остеопротегерин хэмээх уураг хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болохыг шинээр олж тогтоосон талаар нийтэлсэн. Цаашид дараа дараагийн туршилтууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Тухайлбал, Остеопротегерин уургийг эм байдлаар гаргаж авч болох эсэх, Остеопротегерин уургийг эм байдлаар хэрэглэхэд нэгэнт үүссэн гол судасны цүлхэнг цаашид улам өргөсөхийг зогсоох нөлөөтэй эсэх, эдгээж чадах эсэх гэх мэт. Мөн тус өвчнийг эдгээх нөлөөтэй өөр бусад эмийн бодисууд бий эсэх талаар үргэлжлүүлэн судлах төлөвлөгөөтэй байна.
-Шинэ нээлттэй тань холбоотойгоор хамтран ажиллах саналууд ирж байна уу?
-Судалгаа маань сэтгүүлд хэвлэгдээд удаагүй байгаа. Одоогоор гаднаас эсвэл эмийн компаниудаас хамтран ажиллах санал ирээгүй байна.
-Таны судалгааны ажлын талаар япон багш тань хэвлэлд ярилцлага өгсөн байсан?
-Тэгсэн шүү. Судалгааны ажлын талаар багшийн маань өгсөн ярилцлага Японы “Чугоку Шимбун” (中国新聞) сонинд нийтлэгдсэн. Манай багш намайг Японд ирснээс хойш ерөнхийд нь удирдаж чиглүүлж өгсөн. Ийм хэмжээний судалгаанд хамтарч ажиллах санал тавьсан нь намайг тодорхой хэмжээгээр үнэлж, итгэл хүлээлгэсэн явдал гэж боддог. Ер нь нэг хүн судалгаа хийнэ гэж байдаггүй, энэ бол багийн ажиллагаа байдаг. Шинжлэх ухааны салбартаа дээгүүр орох сэтгүүлд судалгааныхаа ажлыг хэвлүүлж чадсан нь зөвхөн намайг биш манай судалгааны багийг өндөр үнэлсэний илрэл юм.
-МОНГОЛ ХҮН ХААНА Ч ЯВСАН ИЛҮҮ Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-
-Монголдоо ЭМШУИС төгсөөд Япон руу явсан гэж сонссон. Ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би 2005 онд ЭМШУИС-ийн Анагаахын Сургуулийг төгссөн. 2006-2009 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лабораторид Профессор Н.Мөнхтүвшин багшийн удирдлага дор ажиллаж байсан. Энэ хугацаанд Клиник лабораторийн онош зүйн мэргэжлээр суралцаж, энэ чиглэлээрээ ажиллаж байсан. 2009 онд Японы засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, Хирошима Их Сургуульд судлаач оюутнаар ирээд, үргэлжлүүлэн зүрх судасны чиглэлээр докторын курст суралцаж, 2013 оны 9 сард доктор (Ph.D) хамгаалсан. Одоо тус тэнхимдээ ажиллаж байна.
-Япон оронд судалгааны ажлаа хийхэд хэр тохиромжтой байна?
-Японд судалгаа хийхэд их тохиромжтой, Их сургууль нь судалгаанд шаардлагатай лаборатори, туршилтын амьтад, наад захын багаж хэрэгсэл, урвалж бодисуудаар хангагдсан. Судалгаанд хэрэглэх тусгай зориулалтын оношлуур, кит, биологийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хайж сонгон, худалдан авах бүрэн бололцоотой. Өрсөлдөөн өндөртэй боловч шинэлэг сонирхолтой судалгааны төслүүд дэмжигдэх магадлал өндөртэй, санхүүжилт олгох эх үүсвэр элбэгтэй байдаг. Японы засгийн газар шинжлэх ухааны салбартаа хөрөнгө ихээр зарцуулдаг, боловсролын яам, их сургуулиудаараа дамжуулж жил бүр судалгаа шинжилгээний төслүүдийг шалгаруулж санхүүжүүлдэг. Анагаах ухааны салбарынх нь хувьд их сургуулийн эмнэлэг нь клиникийн практик – сургалт – судалгаа шинжилгээний төв болж энэ гурвыг цогцоор нь хөгжүүлж чадаж байна.
-Хирошимагийн их сургуульд багшаар үлдэж байсан тухайгаа ярихгүй юу? Ялангуяа гадаад оюутан багшаар үлдэж ажиллана гэдэг их том боломж юм болов уу?
-Сайн багштай таарсан азтай гэх үү дээ. Японд гадаад оюутан сургуульдаа багшаар үлдэж ажиллана гэдэг мэдээж амаргүй. Миний хувьд сурах явцдаа их хичээж, өөрийн зүгээс чадах бүхнээ хийдэг байсан. Дөрвөн жилийн сургалт дуусахад анх судлаж эхэлсэн зорилгодоо хүрээгүй байхад багш маань надад үлдэж ажиллах, дуусгаагүй ажлаа дуусгах боломж олгосон юм. Гадаадад сурах сонирхолтой залуустаа “Монгол хүн хаана ч явсан илүү л байдаг юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг, одоо ч чамд сурах бүрэн боломж бий” гэж хэлмээр байна.
-Танд Монголдоо эргэн ирж ажиллах төлөвлөгөө бий юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Залуу хүнд эх орондоо сэтгэл амар ажиллаж амьдрахаас илүү сайхан зүйл байхгүй байх. Найз нөхөд, ах дүү, төрсөн газраасаа хол хүний нутагт усыг нь ууж, ёсыг нь дагаж, амьдралын төлөө зүтгэж яваа үеийн олон залуучууд маань бүгд л тэгж бодож яваа. Мэдээж залуу халуун насандаа газар үзэж, эрдэм номын мөр хөөж, сурч мэдэж авалгүй л яах вэ. Сурсан юмаа чулуу болгоно гэж бас нэг том ажил байна шүү дээ. Монгол улсын маань эдийн засаг, улс төр одоо ямар байдалтай байгаа билээ дээ, тэрийгээ дагаад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сул, эрдэм шинжилгээ судалгааны салбар зогсонги байдалтай байна. Уул нь шинжлэх ухааны салбараа өөд татсан улс хөгждөг гэдэг биз дээ. Хоорондоо уялдаатай учраас эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар энэ гурвыг хамтад нь л өөд нь босгож хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Монголдоо эргэж очоод ийм зорилготой ажиллах бодолтой байна.
Б.ГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ