Тэргүүлэгчдийн өрсөлдөөнд зургаан баг нэгдлээ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр боллоо. Шилдэг 12 баг оролцож буй тус тэмцээний нээлт ч мөн бямба гарагт болсон юм. Хэдийгээр Хангарьд багаас бусад нь гурван тоглолт хийгээд байгаа ч ерөнхийдөө тэргүүлэгчийн өрсөлдөөнд нэгдэх багууд ажиглагдаж эхэллээ. Одоогийн байдлаар хүснэгтийг гурван баг ижил оноотой тэргүүлж байна. Гэхдээ Эрдэнэт хотын Хангарьд клүбийн хувьд 4 тоглолтыг хийгээд байгаа билээ. Ингээд өнгөрсөн тойрогт ямар ямар тоглолтууд хэрхэн үр дүнтэй төгссөн талаар товч танилцуулъя.

Бямба гарагт нээлтийн үйл ажиллагаа болсны дараачаар “Дэрэн” болон “Эрчим” клүбүүд хоорондын тоглолтоо эхлүүлсэн. Тоглолт маш тайван үргэлжилж байсан ч туршлагатай тамирчин Гарьдмагнай гоолын салхийг нээж улмаар залуу тамирчид болох Ам.Тэмүүжин, А.Тэмүүжин нарын уран гоёмсог тоглолтын ачаар тэд эсрэг багаа 10-3 харьцаатай буулгаж авсан юм. Нээлтийн тоглолтондоо “Сэлэнгэпресс” клүбд ялагдсан ч тэд алдаагаа засаж хоёр дараалсан хожлыг байгуулж чадлаа. Харин энэ удаагийн лигийн тэмцээнд залуу тамирчдаас багаа бүрдүүлэн өрсөлдөж буй “Эрчим” одоогийн байдлаар нэг тэнцэж хоёр ялагдсан үзүүлэлттэй хүснэгтийн доогуур бичигдэж байна.

Заалны болон гадаа талбайн сонирхогчдын тэмцээнд тогтмол сайн амжилттай оролцож байсан “Баянгол ФС” футзалын лигт орж ирээд тийм ч тодорсон тоглолтыг харуулж чадаагүй. Оноо авж чадаагүй байсан тэд энэ тойрогт “Улаанбаатарын мазаалайнууд” багийн эсрэг юу чаддагаа бүрэн харуулж өрсөлдөгч багаа 14-5 харьцаатай тооны илт илүүтэйгээр буулган авсан юм. Тус тоглолтонд М.Төгөлдөр зургаан гоолоор багаа манлайлсан бол Б.Ариунболд дөрвөн гоол, А.Хонгорзул мөн хуучин багийнхаа эсрэг нэг гоолыг оруулсан байна. Энэхүү хожил нь “Баянгол ФС” багт амжилтын хөшүүрэг болох боломжтой тоглолт байлаа. Тус хоёр баг одоогоор ижил нэг хожилтойгоор 7 ба 8-р байруудад эрэмблэгдэж байна.

Энэ өдрийн хамгийн үзүүштэй тоглолт лигийг ижил оноотой тэргүүлж байсан “Улаанбаатарын унаганууд” болон “Хангарьд” багуудын тоглолтоор үргэлжилсэн. Мэдээж хэрэг тоглолтоос сайн үр дүнг авсан нь хүснэгтийг тэргүүлэх боломжтой байлаа. Яахын аргагүй Монгол Улсын футзалын шигшээ багийн массыг бүрдүүлж байсан “Унаганууд” тус тоглолтонд 8-3 харьцаагаар өрсөлдөгчөө ялсан юм.Багийн лидерүүдийн нэг Н.Цэдэнбал тус тоглолтонд гурван гоол оруулсан бол залуу тамирчин Э.Пүрэвдорж мөн тооны гоолыг оруулжээ. Үнэхээр багийн ойлголцол маш сайн, сэлгээний тамирчид ч бие биенээ нөхөж хүчтэй тоглолтыг гаргасан. Тэд ийнхүү гурван тоглолтоос 9 оноотой болж чадсан бол харин Эрдэнэт хотын "Хангарьд" баг анхны ялагдлаа амссан.

Гэхдээ Хангарьд ням гарагт “ФС Улаанбаатар” багийг ялж гэртээ хоосон буцахааргүй болсон. Мэдээж нэг талдаа 400 км аялаж шууд тоглолтонд оролцож байгаа нь тамирчдын хувьд тийм ч амар зүйл биш. “ФС Улаанбаатар” харин эхний оноогоо авахыг үнэхээр их хүссэн ч туршлагатай ахлагч А.Эрдэнэбаяр буюу / Гату / цаг дуусахаас хэдхэн секундын өмнө хожлыг гоолыг оруулж чадсан.

Футзалын лиг болон УАШТ-ийг оролцуулаад нийт ес дараалсан хожилтой байсан “Арвис” клүб хожлын цувралаа үргэлжлүүлж чадлаа. Тэд энэ удаагийн учраа болох "Соёмбын Барсууд" багийг үндсэн цагт 9-4 харьцаатай буулгаж авлаа. Багийн ахлагч Э.Баасандорж хэдийгээр тухайн тоглолтыг өнжсөн ч түүнийг нөхөх залуус хангалттай байлаа. Талбайд гарсан дөрвөн тоглогч тус бүр хоёр гоол оруулж маш тэгш тоглолтыг үзүүллээ. Ингэснээр тэдний дараалсан ялалтын цуврал 10 болж улам л анхаарлын төвд байсаар байна.

“ПЭПСИ ЛИГ”-ийн гуравдугаар тойргийн хамгийн сүүлийн тоглолт магадгүй лиг эхэлсэн цагаас хойшхи хамгийн чухал, мөн үзэгчдийг шуугиулсан оргил тоглолт боллоо гэхэд хэлсдэхгүй. Лигийг манлайлж явсан “Сэлэнгэпресс” болон ялж байж өрсөлдөөнд үлдэх “Хоромхон” клүбүүд учраа таарлаа. Энэ тоглолтыг футзалын ордон дүүрэн үзэгчид үзэж сонирхолоо. Урд шугамны хослол болох Г.Ганбаяр, А.Улсболд нар уламжлал ёсоор "Хоромхон" клүбийн гараанд гарсан. Ингээд ердөө 5 минутын хугацаанд Ю.Сайнхүүгийн хаалганд гурван гоол орох нь тэр. Үүнээс хоёрыг нь Ганбаяр оруулсан. Тамирчдад цохилт болсон эдгээр гоолуудын дараа Б.Чин-Оргил дасгалжуулагч завсарлага захиалж энэ нь ч үр дүнгээ өгөн хариу хоёр гоолыг оруулах нь тэр. Ингээд шатрын нүүдлээр тоглолт өгөө аваатай явсан ч эхний хагас 6-3-аар “Хоромхон” клүбийн давуутай өндөрлөсөн. Байдал дараагийн үед ч дээрдсэнгүй “Хоромхон” 9 гоолтой болж чадсан. Ямар ч спортод эргэн ирэлтийн цэг гэж байдаг. Тэр нь энэ үеийн дунд болж төд удалгүй 9-8 гэсэн тоо онооны самбарт гарлаа. Үзэгчид ингэж сэтгэлээ барьж ядахад талбайд тамирчид хэрхэх нь үгээр илэрхийлэх аргагүй юм. Багууд алдааны асуудалд орсон энэ үед тамирчид чөлөөт цохилтоос мөн гоолдож байлаа. Харин өнгөрсөн оны шилдэг довтлогч Н.Наранболд ердөө минут гарангийн хугацаанд 3 гоол оруулсанаар тоглолт ерөнхийдөө ойлгомжтой болсон. Улмаар “Хоромхон” тус тоглолтонд 14:10 харьцаагаар маш чухал хожлын эзэд болсон. Г.Ганбаяр дөрвөн гоол, Н.Наранболд таван гоол, мөн олноо жижиг хэмээн алдаршсан А.Улсболд тоглолтыг найруулж, бужигнуулж өөрөө ч гоолдож шилдэг байж чадсан юм.

Энэ амралтын өдрүүдээр хөлбөмбөг сонирхогч бид бүхнийг лигийн зургаан тоглолт хүлээж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ