“SPS HD” спорт суваг хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна

SPS HD суваг Английн премьер лиг, NBA, UFC зэрэг дэлхийн алдартай лигийн тоглолтуудыг албан ёсны онцгой эрхтэйгээр цацаж эхэлсэн билээ. Гэтэл уг онцгой эрхтэй суваг нь монголд суваг цацах эрхгүй байсныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон байна.

Тодруулбал, SPS спорт суваг албан ёсны онцгой эрхийг худалдаж авснаар гадаад, дотоодын спортын сувгуудыг хаачихсан. Онцгой эрхтэй гэх суваг нь монголд цацах эрхээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос авах ёстой байсан ч ийм эрхээ авалгүйгээр хоёр жилийн хугацаанд цацалт хийсэн байжээ.

Мөн онцгой эрх авсан гээд бусад спортын сувгийг хаах эрхгүй. Бусад сувгийг хаахын тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас давуу эрхээ тодорхойлуулах ёстой байдаг аж. Харин “SPS HD суваг давуу эрхээ тогтоолгоогүй байсан” гэж ШӨХТГ-ын Зах зээлийн судалгаа, өрсөлдөөний зохицуулалтын газрын дарга М.Баасандорж хэлсэн.

SPS HD сувгийн байнгын үзэгч “Энэ сувгийг үзэхийн тулд сард 12 мянган төгрөг төлдөг. Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд шууд дамжуулалтыг бус албан ёсны биш чанаргүй дүрсээр премьер лигийн тоглолтуудыг үзүүлж байна” гэж ярьсан юм.

SPS спорт суваг премьер лиг, NBA, UFC зэрэг тэмцээний албан ёсны эрхийг авахдаа өмнө монголчуудын эрх авдаг байсан үнийг хэд дахин өсгөжээ. Хэрэв SPS суваг хууль зөрчсөн гээд хаагдвал нэгэнт өндөр тогтоочихсон үнийг дийлж алба ёсны эрхийг авах байгууллага олдохгүй байж мэдэх нь ээ. Энэ тухай спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган "SPS HD контентийн үнийг 10 дахин өсгөчихсөн. Цаашдаа тэр өндөр үнийг төлж чадах байгууллага гарахгүй. Тэгэхээр хулгайгаар спортын контент үздэг үе рүүгээ очих байх" гэв.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ