Хүүхдийн мөнгийг өргөдөл өгсөн сараас тооцон олгоно

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдсан билээ. Гэвч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно, олгохгүй гэсэн эргэлзээтэй мэдээллүүд гарсаар байна. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох юм.

Тодруулбал, дээрх тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт хамрагдах хүүхдэд мөнгө олгохоор тусгасныг өөрчлөн тус санд бүртгэлтэй бүх хүүхдэд олгохоор болсон. Гэхдээ бүртгүүлж амжаагүй хүүхдийг бүртгэлд хамруулсан тохиолдолд 20 мянган төгрөг олгох эрх нь нээгдэхээр тусгажээ. Ингэхдээ хэрэв тухайн иргэн нэгдүгээр сарын 31-ний дотор оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтанд хандан өргөдлийн маягт бөглөсөн бол мэдээлэл хэдэн сард баталгаажсанаас үл хамааран өргөдөл гаргасан сараас нь тооцож олгох аж. Тухайлбал, ачааллаас хамааран нэгдүгээр сард өгсөн өргөдлийн баталгаажилтыг хоёрдугаар сард хийсэн ч өргөдөл өгсөн сараас хүүхдийн мөнгийг тооцож өгнө. Харин тухайн иргэн хоёрдугаар сарын 1-нд өрхийн амьжиргааны төвшин тогтоолгох хүсэлт гаргасан бол нэгдүгээр сарын мөнгийг нөхөж олгохгүй гэсэн үг юм.

Өнгөрсөн 12 дугаар сарын хүүхдийн мөнгө энэ сард орсон бол нэгдүгээр сарын мөнгө ирэх сарын 5-ны өдрөөс олгогдох бөгөөд орон нутгийн алслагдсан хэсэгт байгаа айл, өрхийн мэдээллийг багцлан бүртгэлжүүлэх тул хугацааны хувьд хоцрох магадлалтай аж. Гэсэн ч иргэний өргөдөл гаргасан хугацаанаас хамааруулан хүүхдийн мөнгийг нөхөж олгох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ