Ц.Баярсайхан: Түрээсийн орон сууцанд сард 200-300 мянган төгрөг төлнө

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Иргэдийг орон сууцжуулах асуудал бол төрийн бодлогын маш чухал хэсэг. 1998 онд тухайн үеийн төр засгаас орон сууцыг иргэддээ хувьчилж өгсөн. Үүний дараа төрөөс орон сууц барих чиглэлээр тодорхой ажил хийж чадаагүй. Хөрөнгө мөнгөний бололцоо ч бага байлаа. Харин хувийн хэвшлийнхэн барилга, орон сууц барьж эхэлсэн. Ингээд 2008 оноос эхлэн дөрвөн мянган айлын орон сууц, бага хүүтэй зээлийн талаар яригдаж эхэлсэн юм. 2012 оноос эхлэн бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн найман хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдсэн байдаг. Ер нь 2003 оноос эхлэн банкны буюу ипотекийн зээлээр орон сууцанд орох ажил эхэлсэн юм. Тэгэхэд банкны өндөр хүүгээр буюу 16-20 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж байсан. Тэгэхээр найман хувийн хүүтэй ипотекийн зээл маань бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн болохоор 30 хувийн урьдчилгаатай, 20 жилийн хугацаатай байлаа. Ийм тогтолцоонд шилжсэнээр эхний үед сард гурваас дөрвөн мянган иргэн орон сууцтай болж байсан. Сүүлдээ сард 1200 болж буурсан байх. Үүний зэрэгцээ ипотекийн зээл авч чадахгүй иргэд бас байгааг харгалзаж үзэхээс аргагүй. Тэдэнд зориулан хүү багатай, урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад ийм жишиг байдаг. Энэ дагуу 1300 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулах үүргийг Засгийн газраас холбогдох яаманд өгсөн. Саяхан 900 гаруй айлын орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглахаар болсон байгаа.

-Түрээсийн орон сууцны төлбөрийн нөхцөл ямар байх вэ?

-Төлбөрийн нөхцөлийн хувьд ипотекийн зээлээр байр худалдан авснаас бага байх ёстой. Иргэдэд түрээсийн орон сууцанд амьдарч байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэх боломж олгохын тулд түрээсийг бага байлгана. Иргэд маань түрээсийнхээ байранд амьдарч байх хугацаандаа бүрдүүлсэн хуримтлалаараа хувийн орон сууц руу шилждэг болно. Ийм жишиг бүх улсад байдаг. Түрээсийн орон сууцны асуудлыг төр дангаараа нуруун дээрээ авч явахгүй. Хувийн хэвшлийнхнийг түрээсийн орон сууц барих бодлогыг дэмжиж ажиллана. Өнөөдөр нийслэл, аймгийн төвд гэр хороололд амьдарч буй олон айл байна. Гэр бол манай улсын уламжлалт сууцны нэг. Гэлээ гэхдээ төвлөрсөн цэвэр устай, цахилгаан хангамжтай, бохирын шугамд холбогдсон байранд амьдрахыг ямар ч хүн хүснэ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэдний тал нь өөрсдийн амины орон сууцтай болчихсон. Тэр байшинг нь дэд бүтцээр холбох асуудал гарч ирж байгаа. Дээр нь үлдсэн 100 гаруй мянган айлын хашааны газар дээр амины орон сууц барих хөтөлбөр гэж бий. Энэ маань иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болж батлагдах ёстой. Тиймээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалт хийх ёстой.

-Түрээсийн орон сууц гэхээр “Буянт-Ухаа” шиг ч юм уу хороолол тусад нь босгох уу. Мөн түрээсийн орон сууц хэдэн метр квадрат талбайтай байх вэ?


-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт оруулж ирэхдээ талбайн хувьд 50 мкв, нэгээс хоёр өрөө орон сууц байхаар тусгасан. Ерөнхийдөө залуу гэр бүлд зориулсан хөтөлбөр байгаа юм. Орон сууцны тухайд бие даасан байр байлгана. Энд тэнд байрлалтай бол хэрэгжүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Тиймээс нэг дор төвлөрсөн байдлаар шийдэх байх.

-Зах зээлд бэлэн байгаа 20 гаруй мянган айлын орон сууц бий гэсэн судалгаа байна. Тэдгээр орон сууцны хорооллоос ашиглах уу, эсвэл шинээр хороолол барих юм уу?

-БНХАУ-ын “Экзим” банкнаас зээл авч баригдаж байгаа хорооллууд байгаа. Тухайлбал долоо, арвандөрөвдүгээр хороолол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа газарт дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй компанитай гэрээ байгуулсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилттэй буюу ТОСК-ийн барьж буй орон сууцны хороололд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой.

-Түрээсийн орон сууцанд амьдрах хугацаанд хязгаарлалт байх уу. Мөн хувь хүнээс орон сууц түрээсэлж амьдрахаас яг ямар ялгаатай байх вэ?

-Түрээсийн жишиг үнийг Засгийн газраас баталсан байна лээ. Сардаа 200-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Амьдарч буй айл мэдээж хэрэг цахилгаан, дулаан зэрэг хэрэглээнийхээ төлбөрийг төлөөд явна. Дээр нь тодорхой хэмжээний түрээсээ өгөх юм. Хувь хүмүүсээс орон сууц түрээсэлж байгаа хүмүүс зах зээлийнхээ ханшаар өндөр төлбөр төлж байгаа байх. Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас түрээсийн үнэ үүнээс бага байх нь ойлгомжтой. Нэг ёсондоо 50 мкв талбайтай орон сууцанд сарын 200-300 мянган төгрөг төлөөд амьдарч болно гэсэн үг. Мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр цаашид орон сууцны түрээсийн үнэ зах зээл дээр буурах боломжтой.

-Түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэд хуримтлал үүсгэснийхээ дараа амьдарч буй байраа ипотекийн зээлээр худалдан авч болох уу?

-Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд урьдчилгаа төлбөргүйгээр түрээсийн орон сууцанд орно. Харин тодорхой хугацааны дараа хуримтлал үүсгэсэн хойноо шинэ орон сууц худалдаж авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ