ЭЗБХ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Эдийн засгийн байнгын хороо “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү гишүүдэд танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Түлш, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан.
Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна.
Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна.
Хэрэв тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байна. Иймд тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг бууруулах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/”-ын баримт бичгийг Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлан гаргасан билээ. Энэхүү Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын 3.2.14-т "2030 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэсэгчлэн хагас хуримтлалын тогтолцоонд, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх", 4.1.4-т “хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах” гэж заасныг тус тус үндэслэн ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн танилцуулсан.
Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүйн өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байгаа аж.
Иймд нөхцөлд 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас (2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг), орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом агшсан, уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурсан 2013-2015 онд нийт эдийн засаг богино хугацаанд агшихаас сэргийлж, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд орон сууцны ипотекийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөгт хүрч банкны салбарын зээлийн 30 орчим хувийг, ДНБ-ий 20 орчим хувийг эзэлж байна. Нийт зээлдэгчдийн тоо 76.6 мянгад хүрсэн.
Орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр 28 тэрбум төгрөг хуримтлал болж байгаагаас гадна барилгын салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн 3жилийн хугацаанд 22.2 мянгаар өсч 83.8 мянгад хүрчээ. Барилгын материалын, орон сууцны барилгын дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнээр ашиглалтад орсон орон сууцны жилийн дундаж тоо 4.9 мянгаас 19.3 мянга болж 3.9 дахин өссөн дүнтэй байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2014 оны 69 дүгээр тогтоолын 3.1 болон 5 дахь заалт, 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д Монголбанк орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрөөс үе шаттай гарах, хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлж авах, Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоол, Монголбанк, Засгийн газрын хооронд 2013 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар хэсэгчлэн Нийгмийн даатгалын сангийн активт хөрвүүлэхээр тусгагджээ.
Иймд Монгол Улсын хувьд ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болж, улмаар 2030 оноос эхлэн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоондоо шилжих нь манай улсын хувьд оновчтой хувилбар байна гэж танилцуулгад дурдсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асуун, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Үүний дараа “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, 5 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар соёрхон батлуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан аж. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, жилийн 0 хувийн хүүтэй юм байна. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг тухайн үеийн ХХААХҮЯ-наас “Биокомбинат” ТӨҮГ-ийн шинэчлэлийн төслийг 2 үе шаттай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн хэдий ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон байна.
Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар ахин хэлэлцэж, 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтсон байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дээрх хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ