Б.Гарамгайбаатар: Зээлийн хүү 5 хувь болж, 80 м.кв-аар хязгаарлагдахгүй болно

Баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болонҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарын гишүүд өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр өргөн барьсан хуулийн төслүүдийн зорилтын талаар мэдээлэл өгөөч?

-Энэхүү хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүллээ. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль нь 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л хуулийн төсөл юм.

-Найман хувийн зээлийн санхүүгийн нөхцөл байдал хямралтай байгаа гэдэг яриа гараад байна. Эрх зүйн орчинг нь сайжруулаад өгвөл зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэнэ гэж харж байна уу?

-Үндсэндээ бол Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль сайжирч байгаа л нэг хэлбэр юм. Нэг ёсондоо найман хувийн зээлийг авахад 18 мянган иргэнд хүлээлт үүсээд байгаа гэсэн тоо бий шүү дээ. Тэгэхээр энэ үед ийм хүлээлтийн байдал үүсчихээд байгаа болохоор хууль эрх зүйн орчинг нь сайжруулснаар энэ тоо нэмэгдэнэ л гэсэн үг.

-Уг хуулийн төсөл батлагдчихвал гацаанд орсон 8 хувийн зээл хэвийн үргэлжилнэ шүү дээ. Тэгэхээр хууль хэрэгжээд эхэлмэгц одоогийн ярьж байгаачлан 5 хувийн зээлд шууд хамрагдах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Хуулийн төсөл батлагдчихвал иргэд 8 биш 5 хувийн хүүтэй зээлд хамрагдаад явах боломж бүрдэх юм.

-Хэзээнээс энэ хууль хэрэгжээд эхлэх вэ гэдэг л иргэдийн хамгийн том хүлээлт болоод байна?

-Энэ хууль батлагдахад Ардчилсан намын зүгээс бүхий л хүчээ дайчлан ажиллана. Бүлэг, намууд ч гэсэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цагаан сарын өмнө л энэ хуулийн төслөө батлана гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд ч хэлсэн байгаа шүү дээ.

-Хэрвээ 5 хувийн хүүтэй болчихвол 80 метр квадрат гэж заасан нь хэвээрээ байх уу?
-Үгүй. 80 метр квадратаар хязгаарлагдахгүй болно. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 метр квадрат байрны зээл авч болох юм. Өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар заавал 1 сая төгрөгийн орлоготой байх шаардлагагүй болж байгаагаараа онцлог юм.

Ц.ТАМИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ