Ноён Бондгор ”Мобиком”-ын луйврыг дахин ил тод болгож байна

Рок попын ертөнцөд ноён Бондгор нэрээр уран бүтээлээ хийж, сонсогч фэнүүдийнхээ дунд өөрийн байр суурийг хэдийнэ бий болгоод байгаа Г. Амарбаярыг “Хүүхдийн дууны элч дуучин” гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг. Бондгортөрхөөрөө олонд танигдаж, өөрийн имижийг бүрдүүлсэн дуучин залуу гурван жилийн өмнө “Мобиком” корпорацийн Hi tone үйлчилгээнд хамтлаг дуучдын уран бүтээлийг зөвшөөрөлгүй зарж, хохироож байгааг эсэргүүцэж тус байгууллагын гадна талбайд жагсаал зохион байгуулсан билээ. Уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй гэдгийг тэр мөн хэвлэлийнхэнд дуулгасан удаатай.

Дуучдын эрхийг зөрчсөн энэхүү үйлдлийг МУГЖ С.Жавхлан тэргүүтэй олон уран бүтээлч эсэргүүцэн нэгдэж гарын үсэг зурсан бөгөөд ноён Бондгор чамгүй хугацаанд тэмцлээ үргэлжлүүлсэн. Тэгвэл өдийг хүртэл эл асуудалд тоймтой арга хэмжээ авахгүй, уран бүтээлчдийн хөлс хүчийг хээвнэг сорж буй тус корпорацитай хийх тэмцэл нь дуусаагүй гэдгийг тэрбээр албан ёсоор мэдэгдлээ. Энэ тухайгаа Бондгор цахим хуудсандаа “Монголчууд хэзээ ч анхнаасаа ялагдаж, бууж өгч байгаагүй. Голын урсгал дагаж урсдаг биш дандаа сөрж тэмцэж явсан. Бид залуу хүмүүс. Улайм цайм худлаа юм бүхэн нүдэн дээр ил байгаад байхад, биднийг чиглүүлж үлгэрлэх ёстой ах нар маань дандаа луйвар, худлыг үзүүлж, хэлж ярьж байхад бид тэмцэх ёстой. Мобикомтой тэмцсэн тэмцлээ тун удахгүй түмэн олондоо задална аа. Олон дуучиддаа уриалсан, бүгд айсан. Гэхдээ би бүгдэд нь ялалт авчирсаан. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм шүү, монголчууд аа” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ