Насанд хүрээгүй хүүхэд анх удаа хар тамхины хэрэгт холбогдов
Хар тамхины зах хязгааргүй хэрэглээнд манай улсын идэр насны залуус “умбах” болов. Ингэж хэлэх болсон минь учир шалтгаантай. Хар тамхины хэрэглээ манай улсад улам тэлсээр байгаа, үүнд хүүхэд залуус ихээр холбогдож байгаа талаар ойр ойрхон цагдаагийн байгууллагаас мэдээлэж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид бид ч төдий хэмжээгээр нийгэмд айдас түгшүүр, сэрэмжлүүлэг өгөхийг зорьдог хэдий ч энэ зүйл хэдийнэ бидний мэдлээс гарсан бололтой. Сүүлдээ олон нийт, ард иргэд нь үүнийг байдаг л асуудал мэт хүлээж авдаг, төдийлөн тоодоггүй болсон нь үүний нотолгоо гэлтэй.
Олны танил эрхмүүд, дуучид, жүжигчид, сайдын охид хөвгүүд, гаалийн байцаагчийн хүү, шүүгчийн ах гэх мэтчилэн нийгэмд үлгэр дуурайлал үзүүлж, олон түмний нүдний өмнө алхам бүр нь ил байдаг хүмүүс хар тамхины хэрэгт холбогдож, бүр зарим нь ялаа эдэлж буй. Сүүлийн үед хар тамхийг насанд хүрээгүй хүүхдүүд ихээр сонирхон, хэрэглэх болсон талаар албаны хүмүүс сэтгэл зовнин ярьж байна. Хэн нэгний ятгалга, дэмий явуулгад хүүхдийн гэнэн зангаар автаж, сониуч зандаа хөтлөгдөн амьдралаа үрэн таран хийх аюулт замыг сонгож байгаа нь бодит баримт жишээтэйгээ бидний өмнө ил болсоор байна.
-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХЭД
ГАДУУР БАЙЦААГДАЖ БАЙНА-
Хамгийн сүүлийн мэдээллээр цагдаагийн байгууллага анх удаа насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар таагүй мэдээлэл дуулгалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх өсвөр насны бяцхан хүүхэд мөн холбоотой нь илэрчээ. Түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж буй юм билээ.
Цагдаагийнханд мэдэгдсэн нь л энэ болохоос аав ээждээ аравхан настай, бяцхан үр минь хэмээн өхөөрдүүлж яваа хэчнээн хүүхэд хар тамхи хэрэглэж буйг тааж мэдэх аргагүй.
Оны өмнөхөн буюу өнгөрсөн сардЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, 12-р ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон байдаг. 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
-ХАР ТАМХИНД ДОНТОГСОД ХАЙРЛАХ, ЭНЭРЭХ СЭТГЭЛЭЭ ГЭЭДЭГ-
Нийслэлийн эрүүл мэндийн газар 2008 оноос хар тамхины хэрэглээ рүү анхаарал хандуулж, 2009-2013 онд хэд хэдэн судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн өсвөр үеийн залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ байгаа эсэхийг судалж, судалгаанд 32 сургуулийн 2232 хүүхдийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, хотын төв, захын болон гэр хорооллын, улсын, хувийн зэрэг сургуулиас төлөөлөл оролцуулж санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан байна. Мөн 400 гаруй хүүхдэд хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байсан аж. Хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож, санамсаргүй, саваагүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэсэн гэсэн дүн гарчээ. Архинд донтсон хүн хамаг эд хөрөнгөө зарж үрдэг. Гэтэл мансууралт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нь архинаас 60 дахин их донтох байдал үүсгэдэг учраас санхүүгийн хувьд ч асар их хор хохирол учруулдаг байна. Хар тамхинд хордсон, донтсон хүн зан авирын хувьд өөрчлөгдөж, хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл гэж байхгүй. Тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Ё.ЛХАГВАСҮРЭН: ХАМГИЙН ТҮРҮҮНД БИЕ СЭТГЭЛЭЭРЭЭ ХОХИРЧ,
ДАРАА НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛДОГ
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс өсвөр насны хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож буйтай холбоотойгоор дараах зүйлсийг тодрууллаа.
-Насанд хүрээгүй хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна. Яг хэдэн настай хүүхэд юм бол?
-Үнэн. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд анх удаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдол юм. Насанд хүрээгүй гэхээр 16-гаас доош насны хүүхэд байж таарна. Насыг нь яг тодорхой хэлэх боломжгүй байна. Өнгөрсөн жил ахуйн хэрэглээний хий үнэрлэж, мансуурч байгаад өсвөр насны хоёр хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Мансуурсан байдалтай олдсон дөрвөн тохиолдлыг цагдаагийн байгууллага 2015 оны сүүлийн хагас жилд бүртгэж, шалгалт хийлээ. Зөвхөн сүүлийн зургаан сарын дүн мэдээ шүү дээ.
-Эцэг эх, багш нар энэ хор хөнөөлт зүйлээс үр хүүхдээ хамгаалахын тулд яах ёстой юм бэ?
-Хар тамхины бүлэглэлүүд хүмүүст эхлээд үнэгүй өгч донтуулна. Тамхинаас хамааралтай болсны дараа өндөр үнээр зарж, их хэмжээний ашиг олдог. Тиймээс эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид шилжилтийн насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж, хар тамхийг зөвөөр таниулах, чин сэтгэлээсээ ярилцах шаардлагатай. Нууж хаах тусам хүүхэд түүнд татагдан сонирхож эхэлдэг. Хар тамхины үйлчилгээ гарах үед архины гүн шарталтаас 100 дахин их өвдөлт мэдрүүлдэг. Өвдөлтөө намдаахын тулд дахин дахин хэрэглэж байгаад донтдог. Хар тамхинд орсон хүнд үхэл, шорон гэсэн хоёр зам л бий. Буцаж гарах ямар ч нөхцөл байхгүй.
-Өнгөрсөн онд хар тамхины хэдэн хэрэг бүртгэгдсэн бэ. Насны ангиллыг авч үзвэл аль насныхан давамгайлж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд хар тамхины нийт 69 гэмт хэрэгт 160 хүнийг холбогдуулан шалгасан. Насны ангиллаар нь авч үзвэл 18-35 насны залуус давамгайлж байна.
-Хар тамхины хэрэглээ эцэстээ юунд хүргэх талаар хүүхэд залууст сэрэмжлүүлэг хүргэхгүй юү?
-Ерөөсөө тухайн хүн хар тамхи хэрэглэснээрээ хамгийн түрүүнд бие сэтгэлээрээ хохирч, дараа нь гэмт хэрэгтэн болдог. Тухайн бодис өндөр өртөгтэй учраас мөнгө олохын тулд хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг байдлаар мөнгө олно. Ингээд мансуурсан үедээ ёс бус үйлдэл гаргадаг. Бөөнөөрөө мансуурч байгаад хүчингийн хэрэг үйлдэх, бусдын биед халдах тохиолдол түгээмэл гаргадаг. Хар тамхи борлуулагчид бол тухайн хүн хэн байх нь хамаагүй эхлээд үнэ төлбөргүй татаж мансууруулаад, дараа нь донтоод ирэхээр нь өндөр үнээр худалддаг. Тэгэхээр энэ тахал манай өсвөр насныхан руу чиглэж байгаа энэ үед төрийн бодлого боловсруулж урьдчилан сэргийлэх ажлыг дорвитой хийхгүй бол үнэхээр хүнд нөхцөл байдалдхүрлээ. Цагдаа тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Өсвөр насны хүүхдүүд мансууруулах төрлийн бодист донтохоос сэрэмжлүүлж цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад таниулах сургалт зохион байгуулж байна. Хамгийн гол нь хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхийн оролцоо чухал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ