Дотоодын 65 компанид импортоор гурил оруулж ирэх зөвшөөрөл олголоо
Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 319 дүгээр тушаал сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг үндэслэн А-467 тоот тушаалыг баталсан.
Энэ онд 40300 тонн улаан буудай гурил импортлохоос 28.500 тонн дээд, 10500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар заасан. Ингэхдээ тодорхой үе шаттайгаар, хуульд заасан дүрэм журмын дагуу хүсэлт ирүүлсэн байгууллагуудыг шалгаж нягталсны үндсэн дээр зөвшөөрөл олгосон. Энэ онд улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 78 аж ахуй нэгж хүсэлт ирүүлсэн. Өмнөх онуудад зөвхөн 10 гаруй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил 65 компанид гурилын хэмжээг тогтоож зөвшөөрөл олголоо. Зөвшөөрөл олгохдоо Хүнсний тухай хууль болон холбогдох журамд зааснаар “Ажлын хэсэг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүү болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох зөвшөөрлийн багцын дээд хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн хүчин чадал, үйлчилгээний хүртээмж гэх мэт тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан үзэж зөвшөөрөл олгосон.
Түүнчлэн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталж таван хүнсний чиглэлийн үйлдвэр хүсэлт гаргасныг харгалзан үзэж гурил импортлох хүсэлтийг давуулан олгосон. Мөн дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүдэд гурил нийлүүлэгч “Алейка”, “Өег” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус бүр 7000 тонн гурил импортоор оруулж ирэх зөвшөөрлийг өгсөн. Учир нь эдгээр компаниуд нь импортоор оруулж ирсэн гурилныхаа 80 гаруй хувийг дотоодын хүнсний жижиг үйлдвэрүүдэд нийлүүлдэг бөгөөд үлдсэн хувийг зах зээлд борлуулдаг юм. Тодруулбал, “Өег” компанийн хувьд 40 аж ахуй нэгжид импортын буудайгаа нийлүүлдэг. “Алейка импекс” компани 20 орчим аж ахуй нэгжид нийлүүлдэг байна. Дашрамд дурдахад, импортоор гурил оруулж ирснээр дотоодын гурилын хэрэгцээг хангахад мөн гурилын үнийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ